Оросын эсрэг зургаа дахь хориг хэрэгжихээр болов

401

Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын эсрэг авах зургаа дахь хориг арга хэмжээний хүрээнд Европын Холбооны гишүүн улсуудын удирдагчид Оросын далайгаар тээвэрлэх газрын тосны экспортод хориг тавих тохиролцоонд хүрчээ.
Талууд ОХУ-ын эсрэг энэ оны эцэс гэхэд газрын тосны импортыг их хэмжээгээр бууруулах хориг тавих талаар хэлэлцсэн юм. Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн мэдэгдсэнээр, удирдагчид Оросоос ЕХ руу нийлүүлэх газрын тосны экспортод хориг тавихаар тохиролцсон бөгөөд энэ нь тус улсаас импортлох газрын тосны 2/3-ыг хамрах тул “дайны машин”-ыг нь санхүүжүүлэх томоохон эх үүсвэрийг тасална гэв. 
Харин уг хоригт хоолойгоор нийлүүлдэг газрын тосыг оруулаагүй байна. Оросын газрын тосыг бүрэн хориглох саналын хувьд Унгарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Ийм арга хэмжээ нь эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулна гэж тус улс мэдэгдсэн байна. Унгар нь Оросын газрын тосыг хоолойгоор нийлүүлэн авдаг. Европын холбооны 27 улс Оросын газрын тосны импортын гуравны хоёрыг хориглох шийдвэрийг ийнхүү хүлээн зөвшөөрөв. Энэ тухай тус зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель өөрийн твиттер хуудсанд бичсэн байна. “Оросоос импортолж буй газрын тосны гуравны хоёроос илүү хувийг хориглосноор дайныг санхүүжүүлэх томоохон эх үүсвэр нь үгүй болно” гэж тэр жиргэсэн байна.Энэ удаа гуравны хоёр буюу 70 орчим хувийг хориглоод, энэ оны эцэс гэхэд 90 хувийн хориг тавина гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Түүнчлэн Сбербанкийг “Swift” системээс хасч, Оросын төрийн өмчит гурван телевизийг хориглохоор тохиролцжээ. Уг хориг арга хэмжээнд зөвхөн далайн тээврээр орж ирж буй Оросын газрын тос хамрагдана. Хийн хоолойгоор нийлүүлж буй импортыг түр нэвтрүүлж байх тохиролцоонд хүрсэн гэсэн үг юм. Өмнө нь аваад байсан таван удаагийн хориг арга хэмжээнд Путины ойрын албан тушаалтнууд,олигархиуд, банк, нүүрсний салбар гэх мэт 1000 гаруй хүн багтсан.
Харин тавдугаар сарын 4-нд зарласан зургаа дахь багц арга хэмжээ нь газрын тосны нийлүүлэлтээс шалтгаалаад бараг сар орчим хугацаанд саатаад байсан юм. Тухайлбал, улс орных нь газрын тосны хангамжийн аюулгүй байдлыг хангасан тохиолдолд л шинэ хориг арга хэмжээг дэмжинэ гэдгээ Унгарын ерөнхий сайд Виктор Орбан хэлээд байсан билээ. Европын холбооны улсууд байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг, газрын тосны 25 хувийг Оросоос авдаг. Ийнхүү Европын холбооны удирдагчдад санал зөрөлдөөнөө нэгтийш болгож, удаан хугацаагаар гацсан хориг арга хэмжээний багцаа батлах боломж бүрдэв. Оросын төр, засаг өнөөдөр газрын тосноос өдөрт хоёр тэрбум ам.долларын орлого олж багагүй хэсэг нь дайны зардалд зарцуулагдаж байгаа юм. Европын Холбоо мөн далайгаар Оросын газрын тос тээвэрлэсэн тээврийн онгоцнуудын даатгалыг цуцлах болж буйгаа зарласан нь оросууд далайгаар тос тээвэрлэх боломжгүй болсон гэсэн үг юм. Учир нь яг ийм арга хэмжээ авсны дараа Ираны газрын тосны далайн тээвэр бүрэн зогсож байсан билээ.
 
Г.Амарсанаа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn