Гашуунсухайт боомтоос хятад руу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэллээ
Гашуунсухайт хилийн боомтод AGV/Automatic Guided Vehicle/ буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долдугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин, экспортын нүүрсийг гаргаж эхэлжээ. Ингэснээр Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар 20 машин 40 чингэлэг нүүрс экспортод гаргажээ.
ЗТХЯ
Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж буй нь энэ юм. AGV нь нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байна.
Цаашид уг технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж байв.