Дан ганц мөнгөний бодлогоо ЗҮТГҮҮЛЭЭД байх уу?

468


Эдийн засагт үүсээд буй сөрөг нөхцөл байдлыг бууруулахын тулд гал унтраах байдлаар аргацаан хандах биш төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайтар хангасан шийдвэрүүд гаргах нь чухал байгааг олон улсын байгууллагууд, эдийн засагчид, судлаачдын зүгээс эрх баригчдад сануулсаар байгаа.
Тухайлбал, ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсэг өнгөрсөн сард манай улсад ажиллаад гаргасан дүгнэлтдээ "УИХ, Засгийн газрын бодлого,  шийдвэр мөнгөний бодлоготой уялдахгүй бол цаашид Төв банканд бодлогоо нэмж хатууруулахаас өөр орон зай байхгүй болно. Хатуу бодлогын нөлөөлөл жирийн иргэдэд сөргөөр нөлөөлж, өр зээлээ ч төлж чадахгүй болох эрсдэлтэй” гэж тодотгосон юм.  
Валютын ханшийн чангарал болон нөөцийн бууралт,  үнийн өсөлтийн эрчим дорвитой буурахгүй байгаа зэрэг эдийн засагт үүсээд буй асуудлууд гадаад хүчин зүйлээр өдөөгдөж буй боловч манай дотоод эдийн засаг өөрөө бүтцийн хувьд эрүүл бус буюу уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортоос голлон хамаардаг, хэрэглээ нь импортод голлон суурилдаг нь үндсэн асуудал юм.
Тэгэхээр гадаад талын эрсдэлүүд болон импортоос хэт хараат байдал нь Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдлыг өсгөсөөр өнөөдрийг хүрсэн. Угтаа ийм нөхцөлд Төв банк хуулиар хүлээсэн үүрэг болох үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгарч буй юм. Одоогийн  үүсээд буй нөхцөл байдалд дорвитой хариу үзүүлэх гол хэрэгсэл нь яах ч аргагүй бодлогын хүүг чангаруулах алхам болж буйг Төв банкны зүгээс мэдэгдэж байгаа. Нөгөө талаас мөнгөний бодлогыг хэт чангаруулж, мөнгөний урсгалыг барих нь буруу, бодлогын хүүг бууруулах юм уу, нэмэхгүй байх нь зөв  гэх байр суурийг илэрхийлэх эдийн засагчид бий.
Тэгвэл Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Бодлогын хүүг бууруулна гэдэг нь зээлийн өсөлтийг дэмжинэ гэсэн үг. Өнөөгийнх шиг өндөр инфляцтай, валютын ханшийн дарамттай байгаа үед зээлийг дэмжих нь тохиромжгүй. Зээлийн өсөлт их байх тусмаа хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдэнэ. Гэтэл хөрөнгө оруулалтын зардлууд нь 40-70 хувийн импортын орцтой байдаг. Импортын зардал өсөх нь төлбөрийн тэнцлийг муутгах, төгрөгийн ханшийг нэмж сулруулах томоохон шалтгаан болно. Нөгөөтэйгүүр зээлийн өсөлт нь хэрэглээг дэмжинэ. Хэрэглээ их байна гэдэг дотоодын зах зээл дээр буй эрэлтийг дэмжсэнээр дахиад инфляцад нөлөөлөх үр дагавар орж ирнэ. Хэрэв инфляц өндөр хэвээр удаан үргэлжилбэл бодит орлогууд тэр хэмжээгээр идэгдэж, худалдан авах чадвар буурч зах зээлийн идэвхжил ч унана. Түүнчлэн валютын ханш ч хурдан сулраад байвал импортын орц илүү үнэтэй болоод, бүтээн байгуулалтын зардлууд анх төлөвлөснөөс давж, хөрөнгө оруулалтууд царцах, хойшилно гэсэн үг юм. Аль аль нь эдийн засгийн өсөлтөд сөрөг, бодлогын сонголт биш юм” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.
Мөн тэрбээр валютын ханшийн хэлбэлзлийн төлөвийн талаар хэлэхдээ “Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал хэр сайжрахаас шууд хамаарна. Одоогийн бодлогын тохиргоонууд нүүрсний экспортыг хэр амжилттай нэмэгдүүлэх вэ, импортын өсөлтийг хэр сааруулах вэ гэдэг хоёр гол асуулт бий. Ерөнхий том зургаараа дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдүүдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах боловч ерөнхий тренд буухаар байна. Тэгэхээр харьцангуй өндөр түвшинд байгаа энэ боломжийг ашиглаж, хэр бодит, биет хэмжээгээрээ гаргаж чадахаас экспортын орлого хамаарна. Дээрээс нь бодлогын тохиргоонууд импортод нөлөөлж байж үр дүн гарах учиртай” гэж байна.
Түүнчлэн Монголбанкны зүгээс 2023 оны мөнгөний бодлогын төслийг боловсруулахдаа  “Олон улсын харилцааны төвөгтэй байдал сунжирч, цар тахлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай бодлого юу юунаас чухал” гэдийг онцлоод буй юм. 

https://news.zindaa.mn/4ctn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn