ОУВС дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө бууруулна

456

"Олон улсын валютын сан /ОУВС/ эдийн засгийн уналттай холбоотой эрсдэл өсөн нэмэгдэж байгаад түгшиж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллийг урьд нь таамаглаж байсан 2.9 хувиас бууруулна" гэж тус байгууллагын тэргүүн Кристалина Георгиева пүрэв гарагт мэдэгджээ. 
 
К.Георгиева ОУВС эдийн засгийн хэвийн төлөвийн тайланг ирэх долоо хоногт танилцуулах гэж буйг угтан хийсэн мэдэгдэлдээ, хэтийн төлөв “бүрхэг” болж байгааг цохон тэмдэглээд, Украин дахь Оросын дайнаас үүдэн эрчим хүч, хүнсний үнэ өсөж, санхүүгийн нөхцөл байдал чангарч, нийлүүлэлттэй холбоотой асуудлууд сунжирсаар байгааг эш татсан байна. Хэдийгээр энэ оны долоодугаар сард дэлхийн эдийн засгийн 2022 оны өсөлтийг 3.2 хувьд, 2023 оныхыг 2.9 хувьд хүргэж бууруулсан ч ирэх оны өсөлтийн төсөөллийг дахин бууруулахаар болсныг тэрбээр онцолжээ. 
 
Вашингтон хотноо төвтэй тус байгууллагын тооцоогоор, дэлхийн эдийн засгийн гуравны нэг орчим хувийг эзэлдэг улс орнууд энэ юм уу ирэх онд хоёр улирал дараалан уналтад орох төлөвтэй байна. “Хэдий өсөлт эерэг үзүүлэлттэй гарсан ч бодит орлого бууран үнэ өсөхөөс шалтгаалан уналтад орсон мэт мэдрэгдэнэ” гэж ОУВС-гийн тэргүүн нэмж хэлжээ.  Гэхдээ Төв банкууд эдийн засгийн өсөлтийг сааруулахыг нь үл харгалзан инфляцыг тогтоон барихын тулд хариу арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь ач холбогдолтой болохыг тэрбээр тодотгосон байна.
 
Түүний ярьснаар, хариу арга хэмжээг хангалттай хэмжээгээр чангаруулахгүй бол инфляцыг тогтоон барьж чадахгүйд хүрч, улам өсгөнө. Энэ нь ирээдүйн зээлийн хүүг илүү өндөр байлгахыг шаардаж, өсөлтөд ихээхэн сөргөөр нөлөөлж, хүмүүст их хэмжээний хохирол учруулах болно. Үүний зэрэгцээ мөнгөний бодлогыг “хэт хатуу бөгөөд хэт хурдан” чангатгаж, үүнийг улс орнуудад “нэгэн зэрэг” хэрэгжүүлбэл олон эдийн засгийг урт хугацааны уналт руу түлхэж болзошгүй гэдгийг тэрбээр анхааруулсан байна.
 
Түүнчлэн ам.долларын ханш чангарч байгаа нь ам.доллараар илэрхийлэгдсэн өр зээлээ төлөх төлбөрийг нэмэгдүүлж байгаа тул шинээр хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй эдийн засагтай орнуудыг дэмжих хамтын хүчин чармайлт гаргахыг мөн уриалжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ оны эхэн үеэс бодлогын хүүгээ огцом өсгөсөн нь ам.долларын бусад валюттай харьцах ханш өсөхөд нөлөөлөөд байгаа юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn