Их Британийн шинэ Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьсан тухай түүний ажлын алба мэдээлжээ. Хоёр орны удирдагчид Украины байдлын талаар ярилцжээ. "Тэд Украины ард түмнийг дэмжихэд хоёр улс голлох үүрэг гүйцэтгэж байгаа талаар ярилцлаа" гэж мэдэгдэлд дурдсан байна.Их Британи АНУ-ын гол холбоотон хэвээр байна гэдгийг Ж.Байден Р.Сунакт хэлжээ. Талууд хоёр талын болон AUKUS батлан хамгаалах түншлэлийн хүрээнд явуулж буй хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагдсан AUKUS нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт "тогтвортой байдлыг бэхжүүлэх", "Хятадын хор хөнөөлтэй нөлөөг сөрөх" зорилготой Вашингтон, Лондоны хүчин чармайлтын нэг хэсэг гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Талууд мөн Белфастын хэлэлцээрийг хэвээр хадгалах замаар Ирланд арлын энх тайван, тогтвортой байдлыг хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ. 1998 онд байгуулсан уг гэрээ нь үнэнч протестантууд болон Умард Ирландын үндсэрхэг үзэлтэй католик шашинтнуудын хоорондох зэвсэгт мөргөлдөөнд цэг тавьсан юм. “Brexit”-ийн дараа Умард Ирланд руу бараа бүтээгдэхүүн оруулахад үүссэн асуудалтай холбоотойгоор бүс нутагт хурцадмал байдал дахин нэмэгджээ. Их Британи ЕХ-той талуудын өмнө нь тохиролцсон дүрэм журмыг шинэчлэх талаар хэлэлцээ хийж байгаа ч ахиц дэвшил гараагүй хэвээр байна.
Ж.Байден, Р.Сунак нар мөн ирэх сарын 15-16-нд Индонез улсад болох “Хорийн бүлэг”-ийн (G20) дээд хэмжээний уулзалтын үеэр биечлэн уулзахаар тохиролцжээ.
Борис Жонсоны Засгийн газарт Сангийн сайдын албыг хашиж байсан Р.Сунакийг даваа гарагт эрх баригч Консерватив намын шинэ даргаар зарлаж, мягмар гарагт Их Британийн Ерөнхий сайдаар томилжээ. Тэрбээр Ж.Байденаас гадна, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Лондон Киевийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг батлан хэлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг