Д.Баясгалан: Гашуунсухайтын төмөр замыг 2013 оны ТЭЗҮ-ийн өртгөөр барьсан

382

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээний талаар “Бодь Интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

Энэ төслийн үйл ажиллагаа хэзээ, хэрхэн эхэлсэн талаарх мэдээллийг бүрэн хэмжээгээр нь, баримтад тулгуурлан өгье. Бид Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл хэзээ эхэлсэн талаарх түүхийг товч ярья. 2008 оны зургаадугаар сард "Энержи ресурс" компанид энэ төмөр замыг барих концессын эрхийг өгсөн байдаг. Улмаар "Энержи ресурс" бэлтгэл ажлаа хийж явсаар дөрвөн жилийн дараа буюу 2012 онд концессын гэрээгээ байгуулсан. Ийн "Энержи ресурс" компани энэ төмөр замын ажлыг эхлүүлсэн. 
2008 оны зөвшөөрөл С.Баярын Засгийн газрын үед, 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын үед концессын гэрээ байгуулах эрх нь өгөгдсөн байдаг. Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд, таван сарын өмнө хийгдсэн лицензийг цуцалсан. Ингээд тус лицензийг төрийн өмчит компани болох "Монголын төмөр зам" руу шилжүүлсэн. "Монголын төмөр зам" компани "Энержи ресурс" компанитай хэлэлцээ хийгээд, нөхөн төлбөр болон гаргасан зардлыг нь олгосон. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд, эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад, ажлыг үргэлжлүүлсэн. Гэхдээ  "Монголын төмөр зам" ТӨХК "Энержи ресурс" компанийн хэрэгжүүлж байсан ажлыг огт хөндөхгүйгээр, сонгочихсон байсан Samsung гэх компанийг үргэлжлүүлэн ажиллуулсан. Шинээр тендер зарлаагүй. Гэвч энэ ажил 2014 оноос санхүүжилтгүйн улмаас зогссон. Үүний дараа хөрөнгө мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэг үүсгээд шалгалт оруулсан. Ийнхүү энэ төсөл 2014-2015 онд бүрэн зогссон. Тухайн үед Samsung компанийнхан  210 гаруй километр суурь бүтцийн үндсэн инженерийн байгууламжуудыг барьж байхад нь төсөл зогссон. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар энэ төслийг гадаадын компанитай хамтрах ажлын хэсэг байгуулсан. Улмаар 2015 оны долоодугаар сард УИХ-аас ажлын хэсэг байгуулсан байдаг. Тухайн үед БНХАУ-ын "Чайна Шэнхуа Энержи" компани сонгон шалгарсан. Гэвч тус компанийн "Энержи Ресурс" компанитай байгуулах гэж байгаа гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй, Монголд илт хохиролтой байна гэж үзээд энэ гэрээг цуцалсан. Ингээд 2019 он хүртэл энэ төсөл таг зогссон.
Олон нийт "Засгийн газраас гаргасан 200 гаруй сая ам.долларыг хүмүүс хуваагаад авчихсан. Оронд нь овоорсон шороо үлдээгээд, хүмүүс нь зугтчихсан гэсэн" ойлголттой үлдсэн. Үнэн хэрэгтээ 76 сая ам.доллар нь улсын төсвөөс гарсан. Үүний 74 нь "Энержи Ресурс" компанид олгогдсон. Харин 200 сая ам.доллараар нь "Samsung" компани инженерийн суурь бүтцийн ажил хийсэн. Тус компанид 2000 орчим хүн ажиллаж байсан. Гэвч ажлыг нь зогсоогоод, Samsung компанийн захирлыг хорьж, 515 хоног саатуулаад, бүх ажлыг нь шалгасан. Ингээд 2018 оны үед тус компанийн захирлыг 40 сая төгрөгөөр торгоод явуулсан байдаг. Тэндээс ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй гэж ойлгосон.
Нүүрсний тээвэр гэдэг маш чухал гэдгийг болж буй үйл явдлаас харж байгаа байх. Тиймээс энд нэмж дэлгэрүүлэх нь илүүц байх. 
"Энержи ресурс"-ийн захиалгаар 2013 онд батлагдсан ТЭЗҮ-ийн өртөг нь 1 тэрбум 98 сая ам.доллароор батлагдсан. Энэ ТЭЗҮ-ийн хүрээнд ажлаа хийж байхад нь захиалагч нь "Монголын төмөр зам" ТӨХК болж солигдсон. Энэ ТЭЗҮ дээр нэг ч төгрөгийн өөрчлөлт ороогүй. Үүнд үндэслэж, Samsung ажлаа явуулсан. Үүний дараа өмнө нь зарцуулсан 274 сая ам.долларыг нөхөн төлбөр, торгууль зэрэгт төлсөн. Улмаар зөрүү болох 792 сая ам.доллароор манай компанитай гэрээ байгуулсан. Бидний анхны гэрээ 792 сая ам.долларын гэрээ. Тэгэхээр ТЭЗҮ-д ямар ч өөрчлөлт ороогүй. Энэ ТЭЗҮ нь хил рүү очоогүй, хилээс 37 километрийн наана хүрэх төмөр зам байсан. Дараа нь төрийн байгууллагын зүгээс нэмж 80 километр төмөр зам нэмээд, хил хүртэл тавих санал гаргасан. Улмаар 213 сая ам.долларын ажлыг манайд өгсөн. Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төслийн нийт өртөг нь 1 тэрбум 5 сая ам.доллар. 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн цогцолбор төсөл нь нийт зургаан багц ажлаас бүрдэнэ. Энэ зургаан багц дотроос зөвхөн төмөр зам 474.2 сая ам.долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй. Тэгэхээр нэг километр төмөр зам 1 сая 460 мянган ам.долларын өртөгтэй. Энэ цогцолбор төсөл төмөр зам, дохиолол холбоо, барилга байгууламж, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүн засварын тоног төхөөрөмж, машин механиз гээд зургаан багц ажлаас бүрдэнэ. Эдгээр ажлын өртөг 896.1 сая ам.доллар. Энэ өртөг нь 2013 оны ТЭЗҮ-ийн өртөг гэдгийг дахиж хэлмээр байна. 
Бид нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам барьсан. Манай улсад баригдсан бусад төмөр замууд цөм гуравдугаар зэрэглэлийнх. Энэ хоёр техникийн маш олон зүйлээрээ ялгаатай. 
Нүүрсний гэрээтэй холбоотой асуудал мөн яригдаж байна. Энэ төслийг санхүүжүүлэгч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, захиалагч нь “Тавантолгой төмөр зам”. Энэ хоёр хоёул төрийн өмчит компани. Харин манайх ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Захиалагч талаас бидэнд 30 сарын дотор төмөр зам барьж өгөх үүрэг өгсөн. Биднийг энэ төмөр замын ажлыг эхлэх гэж байхад Дарханы замын ажил эхэлчихсэн байна. Харин манай санхүүжилтийг 60 сарын хугацаанд өгөх нөхцөл тавьсан. Бид энэ шаардлагыг хүлээж авсан. Улмаар төслийн гэрээний урьдчилгаа болгож 15 хувийг бэлнээр, үлдсэн 85 хувийг 60 сарын хугацаатай нүүрсээр өгөх гэрээ байгуулсан. 
2019 онд Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” ХК гадаадаас мөнгө босгох гээд чадаагүй. Дотоодоос ч мөнгө босгох гээд чадаагүй. Учир нь энэ төмөр замын төсөл хамгийн чухал төсөл гэдгийг мэдэж байсан. Цорын ганц бололцоо нь нүүрсээ л өгөх байсан. Ийм учраас нүүрсний гэрээ рүү орсон юм.
Нүүрсээ бидэнд яаж өгсөн талаар танилцуулья. Манайхыг маш хямд буюу нэг үнээр тогтмол нүүрс авдаг гэх асуудал яригдаад буй. Бид 2019 оны дөрөвдүгээр улиралд 60 ам.долларын анхны гэрээний үнэ гарсан. Тэр үнэ индексээр гарсан. Тус үнийг бид тогтоодоггүй. Одоо нүүрсний үнэ 100 орчим ам.доллар байгаа. Улирал тутам нүүрсний үнэ шинэчлэгдэж, өөрчлөгддөг. Яг тэр үнээр л бид авдаг. Түүнчлэн манайхаас хямд үнээр нүүрс авч байгаа хятад худалдан авагч олон байгаа. Бид хамгийн хямд үнээр худалдаалж байгаа худалдан авагч биш гэдгийг хэлмээр байна. 
Сая нийт долоон төслийг төрийн нууцаас гаргасан. Манай дээр дөрвөн гэрээ байгаа гэж яригдаад байгаа. Угтаа хоёр гэрээ л бий. Нэг нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн гэрээ. Нөгөөх нь, Богдхан төмөр замын түнел гүүрний асуудал. Гэхдээ энэ төсөл царцчихсан байгаа. Санхүүжилтийн гэрээ, нүүрсний гэрээ хоёр нь нэг гэрээ. Төрөөс долоон төслийг ил болгоно гэж хэлсэн ч бусад гэрээг нь ил болгоогүй байна. Тэдгээрийг ил болгох хэрэгтэй. Тэгж байж харьцуулах боломжтой" гэв.
Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Танай компани төслийн санхүүжилтээ хаанаас босгосон юм бэ?
-Төслийн ажил 80 гаруй хувьтай явж байгаа. Энэ төсөл дээр бид өөрсдөөсөө 800 гаруй сая ам.долларыг энэ төсөлд зарцуулсан. Төрөөс 400 орчим сая ам.долларыг нүүрс болон бэлэн мөнгө авсан. Өнөөдрийн байдлаар төрөөс 225 сая ам.долларын авлагатай. Хэрэв төр мөнгөө өгч чадахгүй бол торгуультай. Бид ажлаа хийж чадаагүй бол мөн 20 хувийн торгуультай. Гэрээний хүрээнд. Бид 200 сая ам.долларыг гаднын компаниас босгосон. Одоо тэдгээр компанид өглөгтэй. Энэ ажлын гэрээнд ч, санхүүжилтэд нь "Голомт" банк оролцоогүй. 
-Мухар төмөр зам гэдэг асуудал яригдаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бидний барьсан төмөр зам Монгол Улсын хилээс гурван километрийн наана байгаа. Түүнчлэн биднийг төмөр замын ажлыг эхлэх үед манай улс БНХАУ-тай хил боомтын цэгээ эцэслэн тохироогүй байсан. Төмөр зам баригдаад, Гашуунсухайтын өртөөг барьж эхлэх үед холбох цэгээ хоёр тал ярилцаж эхэлсэн. Ганцмод хотын төмөр зам манай Монголын хил дээр тулчихсан байгаа. Тэр замтай л манай төмөр зам холбогдох учиртай. Ганцмод хот бага зэрэг өндөрлөг газар байдаг. Цаанаас ирж байгаа төмөр зам уулыг нь сэтлээд орж ирдэг. Харин манай нутаг дэвсгэр рүү орж ирэхээд сайр байдаг. Тиймээс зохиомол түвшний зөрүү биш. Тиймээс бид хоёр төмөр замыг холбохын тулд гүүр барихаас өөр аргагүй. Хятадын төмөр замын зураг төслийн компани зураг төслийг нь хийж байгаа. Үүний дараа өртөг нь гарах байх. Одоогийн байдлаар бид энэ ажилд оролцоогүй байгаа. Зураг төслийг баталдаг төрийн байгууллага бий. ТЭЗҮ-ийг баталдаг, тэрийг хянадаг төрийн байгууллага бий. Тэндээс бүх үр дүн гардаг. Тэр үр дүнгээр гэрээ хийдэг. Төмөр замыг холбох гүүр заавал хийгдэх ёстой ажил. 
-Төлбөрт авсан нүүрсээ зах зээлийн үнээс хямд аваад, үнэтэй зардаг гэх асуудалд тайлбар хийнэ үү? 
-Бид нүүрс тээвэр хийдэг компани биш. Тийм учраас нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд оролцдоггүй. Оффтейк гэрээгээ цуцалж болно, асуудалгүй. Бид бэлэн мөнгөөр төлбөрөө авбал сайн л байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn