Хэргээ наймаалцахаар хууртагдаад “шүүрүүлсэн” Т.Бадамжунай

291

Авлигачид амар тайван саарал ордонд оршиж, асуудал гарвал гадагшаа зугтаад явчихдаг үе ард хоцорч байх шиг. Өмнө нь бид авлигачдыг шийтгэж цээжээ өвчин ортол нүдэж, улстөрчид нь тэмцэж буй нэрээр найран дундаа замхардаг байсансан. Үүний тод жишээ бол Т.Бадамжунай. Зугтаж гараад дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсний дараа Засгийн газрын “5Ш” ажиллагааны хүрээнд баривчлагдан Монголд ирж буй нь энэ. Зугтаж гарахдаа хүртэл улс төрөөс БОЛОМЖ атгасан түүнийг ингээд баригдаад ирнэ гэж хэн санах билээ.
Өнөөдөр өглөө 10.55 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор түүнийг Х.Нямбаатар сайд тэргүүтэй хуулийнхан авч ирнэ. Макао, Сингапурын казиног хэсэж, тансаг зэрэглэлийн буудлуудаар тухалж явсан түүнийг далайн эргээс нь хэрхэн салгасан талаар зарим нэг зүйлийг эх сурвалжийн мэдээллийн хүрээнд дурдъя.
Монголын “FISH АЖИЛЛАГАА”
Засгийн газраас энэ жилийг авлигатай тэмцэх жил болгож зарласан. Үүнийгээ “5Ш” ажиллагаа гэж нэрийдээд буй. Энэ хүрээндээ хамтын ажиллагаатай гадны улс орнуудтай эрх зүйн хүрээнд харилцан туслалцах ажлыг улам бүр өргөжүүлэхээр хичээж байгаа юм. Ялангуяа офшшор данс, Монголоос оргон зайлсан авлигын гэмт хэрэгтнүүдийг баривчлуулж, шилжүүлэн авах чиглэлд улс орнуудтай нягт хамтарч ажиллах ёстой. Энэ чиглэлээр 90 гаруй оронтой дипломат шугамаар хамтарч ажиллаж буй бөгөөд гадныхан “Монголын авлигатай тэмцэх FISH ажиллагаа” хэмээн "5Ш" ажиллагааг албан бусаар нэрээд буй гэнэ.
Тэгвэл сая Т.Бадамжунайг Филиппиний цагаачлалын албатай хамтран саатуулж, улмаар эрх зүйн хүрээнд харилцан туслалцах гэрээний дагуу хэлэлцээр хийж Монголын талд шилжүүлэн аваад буй юм.
Ингэхдээ хуулийнхан авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаад гадагшаа зугтсан яллагдагч, сэжигтэн нарыг НҮБ-ын конвенц болон ОУ-ын гэрээний дагуу хэлцэл хийж шилжүүлэн авч буй аж. Т.Бадамжунайг энэ гэрээ хэлцэл, конвенцийн дагуу шилжүүлэн авч байгаа аж. Ингэснээр гадны оронд удаан хугацаанд хоригдохоос сэргийлсэн, өмгөөлүүлэх эрхийг нь хангасан зэрэг ОУ-ын Хүний эрхийн тунхаглалыг чанд баримталж, тус ажиллагааг зохион байгуулжээ.
Хэрэг наймаалцана гэж хууртаад хуулийн сайдтай уулзахаар ирэхэд нь Т.Бадамжунайг баривчилжээ
Өөр нэг сонирхолтой зүйл байгаа нь Т.Бадамжунайг Филиппиний тал саатуулах ажиллагаанд Х.Нямбаатар сайд гар бие оролцсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, Т.Бадамжунай холбогдож хэрэг наймаалцах санал тавих уулзалтын үеэр дээрх ажиллагаа явагдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, олон жил оргон зугтаж буй Т.Бадамжунай хэргээ наймаалцаж, асуудлаас хөнгөн мултрах хүсэлтэй байсан гэсэн үг. Тиймээс ч уулзалт зохион байгуулах хүсэлтийг нь хүлээн авч, уулзахаар ил гарч ирсэн даруйдаа баригджээ.
Т.Бадамжунайг баривчилсан мэдээллийн араас зугтсан 92 хүний хоёр нь өөрсдөө Монголд ирэхээр холбогджээ
Монголоос зугтсан яллагдагчдын ихэнх нь гадны иргэншил олж авч чадаагүй яваа. “5Ш” ажиллагааны хүрээнд гадаад паспортын үйлчлэлийг хүчингүй болгож, данс хаасан нь орон зайлсан нөхдүүдэд туйлын хүнд тусч буй аж. Тодруулбал, гадаад паспортынхоо ачаар визгүй улсуудын хооронд гуч хоног зорчиж, “туг тойрох” маягаар олон жил амьдарсан тэдний арга нь мухардаж эхэлжээ. Мөн дансуудыг нь хааж, битүүмжилснээр санхүүгийн хувьд ч хүндрэлтэй болж эхэлжээ. Сая Т.Бадамжунайг баривчлах мэдээлэл гарсны дараагаар гадагшаа зугтсан 92 хүний хоёр нь өөрсдөө холбогдон хэргээ хүлээж Монголд ирэхээ илэрхийлсэн гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.
Ямартаа ч “5Ш” ажиллагаа эхэлснээр баригддаггүй байсан, хууль хяналтынхан хүртэл тухайн цаг үедээ улс төрийнхний харц дор нүдээ аниад гадагшаа зугтаалгаж байсан Т.Бадамжунай зэрэг авлига, албан тушаалын хэргийн яллагдагчдыг эргүүлэн авч ирж байна. Энэ цаг үеэс эхлээд гэмт хэрэгт холбогдсон ч авлигын хөрөнгө мөнгөө гадагшаа аваад зугтчихна гэсэн бохир сэтгэлгээ үгүй болох учиртай. Монгол авлигачдын диваажин байх учиргүй.
Г.Лхагвадорж
Эх сурвалж: ubn.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn