Нэгдүгээр эмнэлгийн хашаанд барилга барьж байгаа “Мөргөл Уул” ХХК-д мэдэгдэл хүргүүлнэ

330
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд газар олгосон байршилд ажиллан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзлаа. Тэрбээр газар олгосон захирамжийг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг өмнө нь нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн юм.

Анх 2005 онд уг газарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам.метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байгаа аж.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал:

-2005 онд тус барилгын суурийг цутгасан ч 2023 он хүртэл ямар ч ашиглалтгүй, балгас болсон байсан. 2023 оны зургаадугаар сараас “Мөргөл Уул” ХХК “Бид өөрсдийн газар дээрээ барилга барина” гэж манай эмнэлэгт амаар мэдэгдсэн. Манай эмнэлэг 1000 гаруй ажилтан, албан хаагчтай, мөн амбулаториор өдөрт дунджаар 3000 хүн, хэвтэн эмчлүүлэх 500 хүн үйлчлүүлдэг бөгөөд тэдгээр иргэдийн гэр бүл ирдэг. Мөн АШУҮИС-ийн оюутнуудын суурь бааз манай эмнэлэг дээр ажилладаг. Тэгэхээр өдөрт дунджаар 5000-6000 хүний хөдөлгөөний эрчим, машины урсгал явагддаг гэсэн үг. 2019 оны зун нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто зогсоолын тохижилт хийж өгсөн. Манай эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд автомашинаа тавьдаггүй хэдий ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй. Эмнэлгийн зүгээс тус газрын асуудлаар НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, БХБЯ, ОБЕГ-т бичиг албан бичиг хүргүүлээд байгаа.


Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Өдгөө эмнэлгийн авто зогсоолын хүчин чадал хэтэрчихсэн байхад дахиад 20 давхар контор, орон сууцны зориулалттай барилгын оршин суугчид авто машинаа хаана шингээх юм бэ. Бид олон жилийн өмнөх газар олголтын алдааг шүүн тунгаах гэсэн юм биш. Гол нь эмнэлгийн хашаан дотроос газар эмтэлж аваад, орон сууц барих нь зохимжгүй зүйл. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн тус аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах хэрэгтэй. Мэдээж хувийн аж ахуйн нэгжийг хохироож болохгүй тул дэд төвүүдийн хүрээнд газрыг нь нөхөж олгох зохицуулалт хийх боломжтой. Нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж, захиргааны актыг цуцалж болно. Уг газрын эрхийг цуцалбал дахиж барилга барихгүй, авто машины зогсоол байгуулах хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга өнөөдөр тухайн газар эзэмшигч “Мөргөл Уул” ХХК-д  мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах, харилцан тохиролцох үүргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn