Аудит: Төвлөрлийг сааруулж, орон сууцжуулахад анхаарах хэрэгтэй
Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд Үндэсний аудитын байгууллагаас аудит хийж, дүгнэлтийг УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн. Тиймээс Ньюс агентлаг аудитын байгууллагаас гаргасан дүгнэлттэй холбоотой анхаарал татах асуудлуудыг цувралааар хүргэж байна.
Монгол Улсын гадаад эдийн засгийн харилцааны үндсэн сувгууд нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоор дамжин БНХАУ, цахилгаан эрчим хүч болон шатах тослох бүтээгдэхүүний импортоор дамжин ОХУ-тай тус тус идэвхтэй харилцах замаар хэрэгжиж ирсэн. Тиймээс уул уурхайн бараа бүтээгдэхүүний гол худалдан авагч ОХУ-ын хувьд 2024 оны нэгдүгээр улиралд ДНБ 5.4 хувиар өссөн боловч цэрэг армийн зардлаас улбаалж төсвийн зардал тэлсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн талаар аудитын байгууллагын дүгнэлтэд дурдсан байна. Улмаар инфляцын түвшин нь 2023 оны арванхоёр дугаар сараас аажим өссөөр 2024 оны тавдугаар сард зорилтот түвшнээс 4.3 нэгжээр давж, 8.3 хувьд хүрсэн гэдгийг тодотгов.
Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны хоёрдугаар улиралд 4.7 хувь болж өмнөх улирлаас 0.6 нэгжээр буурсан байна. Нүүрсний импорт 2024 оны тавдугаар сард 44 сая тонндхүрч, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөнд Австрали улсаас авах нүүрсний худалдааны хоригийг цуцалж худалдан авалтыг гурав дахин нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн байна.
Дэлхийн банкны эдийн засгийн таамаглалаар Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлтийг 2024 онд 4.8 хувь, 2025-2026 онд 6.3-6.6 хувь байхаар тооцсон байна. Цаг агаарын нөлөөллөөр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хумигдах, улмаар хүнсний нийлүүлэлтээс үүдсэн инфляц өсөх магадлалтай гэжээ. Монгол Улсын эдийн засаг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 5.6 хувьд хүрч өсөхөд уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин өвөлжилтийн хүндрэлээс үүдэж 8.1 сая толгой мал хорогдсоноор хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурчээ. Мөн нүүрс, зэсийн баяжмалын үнийн бууралтаас шалтгаалан бараа, үйлчилгээний экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар буурсан хэдий ч гадаад худалдааны эргэлт 13.2 сая ам.доллар, тэнцэл 2.5 сая ам долларын ашигтай, гадаад валютын албан нөөц 4.8сая ам.доллар, инфляцын түвшин 5.1 хувьтай гарчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаарх нийт экспортын 95 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлсэн байна.
Тэгвэлл ирэх 2025 онд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий 2 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2 хувь байхаар тус тус төлөвлөж,
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсөвт нийт 36,830.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс тогтворжуулалтын санд 608.9 тэрбум төгрөг, үндэсний баялгийн санд 2,356.8 тэрбум төгрөгийг тус тус хуримтлуулахаар төлөвлөсөн байна.
Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан 4 зорилго, нийт 626 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан бол Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хөтөлбөрт нийцүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд 65 арга хэмжээг бүрэн, 366 арга хэмжээг агуулгын хувьд хэсэгчлэн санхүүжүүлэхээр тусгасан байна.
“Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна” гэсэн бодлогын хүрээнд
- Иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн, уул уурхайн орлогоос бүрдэж, тухайн орон нутгийн иргэдийн санал, санаачилга дээр тулгуурлан зарцуулагддаг ОНХС-гийн хуваарилалтаас уул уурхайн олборлолт хийгдэж буй аймаг, сумдад түлхүү хуваарилах;
- Татварын ялгаатай бодлогыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хүрээнд нийт 20 төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, бүс орон нутаг бие даан эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж бизнес, хөрөнгө оруулалт татах, хоорондоо өрсөлдөх боломжийг бүрдүүлэх;
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа нэвтэрснээр биржээр борлуулах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, эдгээр бүтээгдэхүүний үнэ зах зээлийн, шударга өрсөлдөөний зарчмаар илүү бодитой тогтоох;
- Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн санхүүжүүлэлтийг чиглүүлэх;
- Хот хөдөөгийн сэргэлт, төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг Үндэсний аудитын газраас гаргасан тайланд дурьдсан байна.
Үргэлжлэл бий..