K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /BBC/. Нарны аймгийн гадна орших “K2-18b” гаргийн агаар мандлаас амьд организм оршин байгааг илтгэх шинж тэмдгийг эрдэмтэд илрүүлжээ.
Тодруулбал, Кембрижийн их сургуулийн одон орон судлаачдаар ахлуулсан багийнхан “Жеймс Уэбб” сансрын дуран авайгаар цуглуулсан өгөгдлүүдийн тусламжтайгаар уг гаргийн агаар мандалд диметил сульфид, диметил дисульфид гэдэг хоёр ховор хий байх магадлалтайг тогтоосон байна.
“Дэлхий дээр эл хоёр хий нь далайн фитопланктон зэрэг бичил биетүүдээс ялгардаг. Эдгээр молекул нь химийн ямар урвалаас үүссэн нь мэдэгдэхгүй байгаа боловч манай Нарны аймгийн гадна амьдрал оршин байх магадлалтайг илтгэсэн хамгийн үндэслэлтэй нотолгоо болж байна” гэж Кембрижийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Гэхдээ эрдэмтдийн дүгнэлт нь эцсийнх биш юм. Тэд диметил сульфид, диметил дисульфид хийнүүдийг илрүүлсэн нь хэмжилтийн алдаа биш гэдгийг баталгаажуулахын тулд “Жеймс Уэбб” дурангаар K2-18b гаргийг дахин ажиглахаар төлөвлөжээ.
Өмнө нь хийсэн хэмжилтүүд нь эдгээр хий уг гаргийн агаар мандалд нэлээд их хэмжээгээр агуулагдаж байгааг харуулсан байна. Эдгээр хийн молекулууд нь бусад бодистой маш хурдан урвалд ордог ажээ. Тиймээс харьцангуй их хэмжээгээр агуулагдаж байгаа нь агаар мандалд ялгарах эх үүсвэр байх магадлалтайг, уг эх үүсвэр нь биологийн үйл явцтай холбоотой байж магадгүйг илтгэж байна гэж “The Astrophysical Journal Letters” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсан байна. “К2-18б” гараг нь дэлхийгээс 124 гэрлийн жилийн алсад оршдог бөгөөд “К2-18” одыг тойрон эргэдэг. Гаргийн тойрог зам нь амьдрал орших байх магадлалтай бүсэд байдаг ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг