Сонгинохайрхан уулын бэлд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавина Tweet

381
Маргааш 11:40 цагт Сонгинохайрхан уулын бэлд эхлэх Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол болно. Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах болсон. Энэ төслийн хүрээнд нийслэлийн өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр хангах, газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (УГЦҮ)-ийг холбогдох шугам хоолойн хамт байгуулна.

Биокомбинат, Шувуун фабрик орчимд шинээр байгуулах газрын доорх усны хоёр эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл метр куб ус олборлох боломжтой. Олборлосон усыг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт уламжлалт, дэвшилтэт хосолсон технологиор ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.

УГЦҮ-ийн талбай Улаанбаатар хотоос баруун зүгт 20 км, Шувуун фабрикийн талбайгаас зүүн хойд зүгт 20.4 км, Биокомбинатаас баруун хойд зүгт 2.5 км-ын зайд монголчуудын тахин шүтдэг Сонгинохайрхан уулын зүүн бэлд далайн төвшнээс дээш 1295 м өндөрлөгт, 13 га газрыг хамран байршина.

УГЦҮ нийт таван байгууламжаас бүрдэнэ:
1.    Уламжлалт цэвэрлэгээний байгууламж
2.    Урвуу осмосын мембраны байгууламж
3.    Усан сан, шахуургын станц
4.    Лаг тунадас боловсруулах байгууламж
5.    Цахилгааны барилга

УГЦҮ-ийн барилгын ажлын хүрээнд цэцэрлэгжүүлэлт, автомашины зогсоол, үйлдвэрийн зүүн хэсэгт байрлах Хэлмэгдэгсдийн хөшөө хүртэлх хайрган хучилттай зам барьж, гадна талбайг тохижуулах юм.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын АЭКОМ компани, үндэсний зөвлөх Престиж инженеринг ХХК-ийн хамт боловсруулсан. Турк улсад төвтэй олон улсын тэргүүлэх барилга угсралтын компаниудын нэг МАПА үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгаран ажлаа эхлүүлжээ.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлчээр ашиглалтад орж, туршилт тохируулгын ажил нэг жил орчим хугацаанд үргэлжлэх юм.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН ХОЁР ДАХЬ КОМПАКТ ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) нь эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын тодорхой хэм хэмжээг хангасан бага, дунд орлоготой орнуудтай 5 жилийн хугацаатай Компакт гэрээ байгуулан, буцалтгүй тусламж олгодог. Компакт гэрээ байгуулах орныг “Эдийн засгийн эрх чөлөө, Хүний хөгжилд хийсэн хөрөнгө оруулалт, Шударга засаглал” гэсэн гурван үндсэн чиглэлээр нийт 20 үзүүлэлт бүхий Үнэлгээний тусгай картыг баримтлан шалгаруулдаг бөгөөд 2004 оноос хойш дэлхийн 33 оронд тус бүр 65-697 сая ам.долларын дүн бүхий нийт 47 Компакт гэрээ хэрэгжүүлээд байна. Үүнээс 13 улс дээр дурдсан шалгуур үзүүлэлтийг дахин амжилттай хангаж, МСК-тай хоёр дахь удаагаа Компакт гэрээ байгуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, МСК-ын хооронд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын анхны Компакт гэрээ 2008-2013 онд хэрэгжиж, хөрөнгийн эрх, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, эрчим хүч, байгаль орчин, зам тээврийн салбарт нийт 268.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн билээ.

Улмаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МСК-ын Удирдах зөвлөл дээр дурдсан гурван үндсэн үзүүлэлтийн дагуу Монгол Улсын үнэлгээний үр дүнг дахин авч хэлэлцээд, хоёр дахь удаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол Улс МСК-тай хоёр дахь удаагаа Компакт гэрээ байгуулсан Ази тивийн хоёр дахь улс болсон юм.
 
Энэхүү шийдвэртэй холбогдуулан хоёр дахь Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх үүрэг бүхий Үндэсний ажлын албыг Засгийн газрын тогтоолоор 2015 оны 5 дугаар сард Гадаад харилцааны яамны дэргэд байгуулсан. Үндэсний ажлын алба нь 2015-2019 онд Засгийн газрын ажлын хэсгийн удирдлага дор Компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангаж, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, үйл ажиллагааг эцэслэн боловсруулахад шаардлагатай Эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйлсийн судалгааг МСК-ын мэргэжилтнүүдтэй хамтран хийж гүйцэтгэсэн.

Судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хамгийн ихээр хязгаарлаж буй хүчин зүйлсийн нэг нь “ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний өртөг өндөр” байдал хэмээн тогтоосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг, улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуй нэгжийн дөрөвний гурав нь үйл ажиллагаа явуулж, улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг Улаанбаатар хотын усны хэрэглээ ойрын ирээдүйд буюу 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомстолд орж болзошгүй нөхцөл үүссэн нь цаашид эдийн засгийн өсөлтийг сааруулж, оршин суугчдын амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байна гэж үзсэн.

Монгол Улсын Засгийн газраас дээрх судалгааны үр дүн болон төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтэн судлаачид, хувийн хэвшлийн саналд тулгуурлан Компакт гэрээгээр хөрөнгө оруулах боломжтой салбар, чиглэлийн талаарх ерөнхий саналыг гурван хувилбараар боловсруулан хүргүүлснийг МСК хүлээн авч хэлэлцээд, Компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар талууд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Компакт гэрээнд гарын үсэг зурсныг мөн баталгаажуулж, АНУ-ын Вашингтон хотноо хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан бол Монгол Улсын Их Хурал Компакт гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан юм.

Монгол Улсын Засгийн газар нь өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АНУ-ын Мянганы сорилтын корпорацын бодлого, дүрэм журмын дагуу тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүдийг биелүүлснээр Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлсэн юм.

Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр нь дараах гурван томоохон төсөл, үйл ажиллагаанаас бүрдэнэ.

УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН БАРУУН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын баруун доод хэсэгт Туул голын дагуу орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын хоёр байрлалд газрын доорх усны эх үүсвэр шинээр байгуулах замаарУлаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн шинээр байгуулсан газрын доорх усны эх үүсвэрийн талбайгаас цуглуулсан усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлж, унд, нийслэл хотын хүн амын ахуйн усны хэрэгцээнд нийлүүлэх дэвшилтэт технологийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулна. Энэхүү төслийн үр дүнд жилд 50 сая хүртэл куб метр газрын доорх усыг нийлүүлэх бөгөөд энэ нь нийслэл хотын ус хангамжийн өнөөгийн хэмжээг ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлэх юм. 

ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ
Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын ахуйн болон аж үйлдвэрийн хэрэглээнээс гарч буй хаягдал усыг дахин боловсруулж, эргүүлэн ашиглах замаар томоохон аж үйлдвэрийн байгууламжуудын ашигладаг гүний усны эрэлтийг бууруулна. Үүний тулд Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас гарах цэвэрлэсэн хаягдал уснаас хоногт 50,000 метр кубыг авч, техникийн стандартад нийцүүлэн дахин боловсруулах үйлдвэр байгуулна.

Дахин боловсруулсан усыг ДЦС-3 болон ДЦС-4-ийн хөргөлт, үнс зайлуулах усны хэрэгцээнд нийлүүлснээр техникийн зориулалтаар ашигладаг гүний цэвэр усны хэрэглээг жилд 15-18 сая хүртэлх куб метрээр бууруулж, унд, ахуйн хэрэгцээнд нийлүүлэх цэвэр усны хангамжийг тэр хэмжээгээр нэмэгдүүлнэ. Хаягдал ус дахин боловсруулах төслийн үр дүнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг ойролцоогоор 18 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцож байна. Энэ төсөл нь манай улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болох бөгөөд Улаанбаатар хотын хязгаарлагдмал усны нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чиглэлд чухал хувь нэмэр оруулах юм.

УСНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСӨЛ
Энэ төслийн хүрээнд нийслэл хотын ус хангамжийн байгууллага (УСУГ)-ын үйл ажиллагаа, засвар үйлчилгээг сайжруулах, өртөг зардлаа бүрэн нөхөх чадавхийг бий болгох, усны салбарт бодлого, хууль эрхзүй, зохицуулалт, институцийн шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийг хийх замаар нийслэл хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах юм. Түүнчлэн Компактын үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилт мөн энэ үйл ажиллагаанд хамаарч байгаа юм. 
Энэ төслийн хүрээнд  (i) зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаа, (ii) гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа, (iii) ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагаа, (iv) үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах дэд үйл ажиллагаа, (v) олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа гэсэн таван дэд үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn