Шадар сайд "Хүнсний стандарт"-ыг ШИНЭЧЛЭХ үүрэг өглөө

0

Хүнс болон эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй стандартуудыг зургадугаар сарын 1 гэхэд цэгцэлж дуусгах үүрэг өглөө.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 6819 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буйгаас хамгийн олон буюу 802 нь эрүүл мэнд, 663 нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандарт эзэлж байна.
Эрүүл мэнд болон хүнс, хөдөө аж ахуйн салбар бол хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд хамаатай салбарууд учраас цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан зарим стандартыг нэн даруй өөрчилж, шинэчлэх, шаардлагагүй хэсгийг нь хүчингүй болгох зэргээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2022.03.10) болсон Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд онцолж хэлэв.
Таван жил тутамд хийдэг Үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшингийн 2018 оны улсын үзлэгээр Эрүүл мэндийн салбарын 407 стандартыг дахин хянаж, шинэчлэхээр дүгнэлт гаргаснаас одоогоор 31 стандарт буюу 7.6%-ийг шинэчилжээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 570 стандартыг дахин хянаж шинэчлэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан байдаг ч 64 стандартыг л хянаж шинэчилсэн нь 11.2%-ийн хэрэгжилттэй байгааг туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Шадар сайд анхааруулсан юм.
Хөгжингүй орнуудад хүнсний бүтээгдэхүүний шошгоны ар дээрх мэдээллийг боловсруулалт хийж, сав баглаа боодлын нүүрэн хэсэгт тухайн бүтээгдэхүүний чанар, стандартыг A B C D E гэсэн 5 ангиллаар, 3 өнгөөр ялгаж байршуулдаг аргачлалыг сүүлийн жилүүдэд нэвтрүүлж эхэлсэн. Жишээ нь, ногоон өнгөөр ялгасан А ангиллын хүнс илүү шим тэжээллэг, органик ангилалд багтдаг бол улаан өнгөөр ялгасан Е ангиллын хүнс шим тэжээл хомс, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс гэдгийг шууд илтгэдэг байна. Энэ мэтчилэн хэрэглэгчидтэйгээ илүү ойртож ажиллах цаг үеийн шаардлага тулгараад буйг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.
Хүнсний хангамжийн гол нэрийн 16 бүтээгдэхүүнээр тооцоход манай улсын хүн амын хүнсний хангамж малын мах, сүү, сахар, ургамлын тос, гурил, төмс зэрэг 6 нэр төрлийн бүтээгдэхүүн зонхилж буй нь амин дэм, эрдэс бодисын дутагдалд өртөхөд нөлөөлж байгаад анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд мөн хэлж байв.
Иймд нэн түрүүнд хүнс болон эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй стандартуудыг дахин хянаж нягтлаад шинэчлэх, өөрчлөх, хүчингүй болгох шаардлагатай стандартуудыг зургадугаар сарын 1 гэхэд цэгцэлж дуусгах хугацаатай үүрэг даалгавар өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn