МАН-ын бага хурал улс төрийн доргио үүсгэх үү

489

Өвлийн тэргүүн сар гарахтай зэрэгцэн улс төр халж эхэлж байна. Энэ халалт эрх баригч намын бага хурлын дараа тэсэрч улс төрд доргио үүсгэх үү гэдэг асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Ардын нам бага хурлаа ирэх сарын 6-нд товлосон. Уг хурлаараа Тэргүүн шадар сайд, Боомт хариуцсан сайд, УИХ-ын дэд дарга болоод зарим дэд сайд, аймгийн Засаг дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Сайд, дарга нарын томилгоо МАН доторх эв, найрын тохиролцоо дээр явагдчих учраас хоорондоо зөрчилдөх нь бага. Харин нам болоод улс төр дэх эрх мэдлийн төлөөх гол тулаан болох томилгоо нь генсек. Зуун жилийн түүхтэй, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг сайд, дарга болохоос ч илүү том албан тушаал. Найдвартай, хүчирхэг ар тал. Энэхүү албан тушаалд фракцаасаа хүнээ томилуулах нь намын лидерүүдийн хувьд улс төрийн эрх мэдэл, хүчирхэг байдлаа бүрдүүлэх том боломж. Товчхондоо улс төрд эрх мэдэлтэй, нөлөөтэй байх гол тулгуур “цайз” гэдэг нь тодорхой. Гэтэл МАН дотор өөрийн хүнээ генсек болгох сонирхолтой хоёр том институци байгаа нь улс төрийн огцом халалтыг үүсгээд буй. Тэр нь намын батлахаа өгсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар юм. Нэг, хоёрдугаар хүний хоорондох улс төрийн дайн далд хэлбэрт хүчтэй явагдаж байна. У.Хүрэлсүхийн хувьд өнөөдөртөө улс төрд “Акул ах” хэвээрээ байгаа. Гэвч 80-аад оны төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар улс төрийн нөлөөлөл, эрх мэдлээ улам бэхжүүлсээр байх нь “Акул ах”-д мэдээж таалагдахгүй. Тэрээр хэзээ нэгэн цагт бусад Ерөнхийлөгчдийн адил “шүдгүй арслан” болж хувирна. Гэхдээ тэр цагаа хүлээж суух улстөрч биш гэдгээ генсект Я.Содбаатарыг томилохоор шулуудчихаад байгаа үйлдлээс нь харж болно. Я.Содбаатар МАН-ын генсек болчихвол У.Хүрэлсүхийн хувьд улс төр дэх унаж байгаа эрх мэдлээ өсгөхөөс гадна нөлөөллөө улам бэхжүүлэх боломж бүрдэнэ. Ерөнхийлөгчийн нөлөөлөл нам дотор хүчтэй байгаа цагт Л.Оюун-Эрдэнэ санаснаараа хөдөлж, улс төрийн томоохон нүүдэл хийх боломжгүй болно. Ерөнхий сайдын улс төрийн томоохон зорилтуудын нэг бол нүүрсний хулгайг ил болгох. Нэг жилийн өмнө тэрээр Ерөнхий сайд болмогцоо нүүрсний хулгайтай хатуу тэмцэнэ, нэр холбогдсон улстөрчдийг хөдөлшгүй баримтаар илрүүлж, олон нийтэд зарлаж, хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Нүүрсний хулгайг ил болгосноор Монголын эдийн засаг хоёр дахин өсөх боломжтой гэдгээ ч хэлсэн. Түүний дэвшүүлсэн эдийн засгаа сэргээх Шинэ сэргэлтийн бодлогод энэхүү нүүрсний хулгайг ил болгох асуудал чухал ач холбогдолтой. Тиймээс энэхүү боломжийг алдахгүйн тулд улс төрийн хүчирхэг ар талтай байх, нөлөөллөө улам бэхжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд эхлээд өөрийн хүнээ намынхаа генсект томилуулах нь зайлшгүй юм. Гэтэл тэрээр улс төрд арай л залуудаж байна. Одоохондоо халаагаа өгсөн ахынхаа улс төрийн нөлөөллөөс дээгүүр гарч чадахгүй байгааг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа юм. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн хувьд кабинетаа өөрийнхөө хүмүүсээр дүүргэх боловч намынхаа генсекийг Ерөнхийлөгчийн институтэд алдахаас аргаггүй байдалд оров уу. Я.Содбаатар генсек болсноор Ерөнхий сайдын нүүрсний хулгайтай тэмцэх ажил царцаж эхэлнэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн ил далд хэлж байдаг. Үүнээс болоод У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хооронд зөрчил үүсэх нь тодорхой юм. Улмаар нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд, улстөрчид Ерөнхийлөгчийг дэмжиж энгэрт нь наалдана. Харин намын даргаа ил, далдуур ад үзэж, улс төрийн томоохон тэмцлийг нь зогсоох ажлыг өмнөхөөсөө илүү идэвхтэй хэрэгжүүлэх нь тодорхой. Угтаа нүүрсний хулгайг ил тод болгож, холбогдох улс төрчдөд хариуцлага тооцож чадвал Монгол Улсад ашигтай гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Гэвч өнөөдөр улстөрчдийн эрх ашиг нэн тэргүүнд гэдэг зарчим хэвээрээ байсаар л. Эрх баригч нам дотор нүүрсний хулгайчид цөөнгүй байгаа учраас л Ерөнхийлөгчийн фракцыг дэмжиж, Я.Содбаатарыг генсек болгохоор тохиролцоонд хүрсэн талаар зарим эх сурвалжууд хэлж байна. Энэ үнэн эсэх нь удахгүй болох бага хурлаар тодорхой болно биз. Нөгөөтэйгүүр нүүрсний хулгай гэдэг эдийн засаг болоод үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон хэрэг. Үүнд Монгол Улсын төрийн тэргүүн ямар ч байр суурь илэрхийлэхгүй байгаад байна вэ. Л.Оюун-Эрдэнэ энэхүү асуудлыг ил тод хэлж, хатуухан үг хэвлэлээр дамжуулан намынхандаа анхааруулж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайн асуудлаар өдийг хүртэл чимээгүй байгаа нь ямар учиртай вэ. МАН-ын генсекийг томилоход ашиглагдах ёстой түүний нууц хөзөр байсан уу гэдэг эргэлзээг төрүүлж буй. Угтаа Ерөнхий сайдын нүүрсний хулгайг илрүүлэх ажлыг намынхан нь улс төрийн хүрээнд хүчтэйхэн дэмжээд өгвөл Монголд хууль хэрэгжүүлэх систем зөв хандлагаар ажиллаж эхлэх байлаа гэж хуульчид, улс төр судлаачид ярьж байна. Энэ ч үнэн. Гэвч Монголд асуудал бүрийг зөв хандлага руу оруулах гэж хичээж яваа нэгнээ унагаж байдаг улс төрийн ужгирсан араншин одоог хүртэл арилаагүйг дээрх үйлдлээс тодорхой харж болохоор. Монгол ядуу, буурай орон биш, зүгээр л хулгай ч ихтэй улс гэж нэгэн алдартай сэхээтэн хэлсэн удаатай. Энэ үг үнэн гэдгийг эрх баригч намын дотоод үйлдэл болоод өнөөгийн Монголын улс төрд өрнөж буй үйл явц тодхон харуулж буй. Юутай ч хоёр том интитуцийн хоорондох эрх ашгийн зөрчил, халалт МАН-ын бага хурлаар улс төрд хүчтэй доргилт үүсч болохыг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.
Э.Мөнхтүвшин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn