БНХАУ аялал, жуулчлалын салбараа сэргээхэд бэлтгэж эхэлжээ
БНХАУ гурван жил үргэлжилсэн хатуу хязгаарлалтын эцэст иргэдийнхээ дотоодын болон гадаад руу чиглэсэн аялал жуулчлалыг сэргээхэд бэлтгэж эхэлжээ. Сүүлд тус улс гадаад паспорт шинээр олгох ажлыг үргэлжлүүлэхээр болсны зэрэгцээ Эх газрын Хятадын оршин суугчдыг Хонгконг руу зорчихыг зөвшөөрөхөөр болсон байна. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 8-наас Хонконг, Макаогийн хилийн шуурхай шалган нэвтрүүлэх цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхийг БНХАУ-ын Үндэсний цагаачлалын албанаас мэдээлжээ. Мөн гадаадын иргэд визний хугацаагаа сунгуулах, шинэчлэх боломжийг дахин нээхээр болсны зэрэгцээ гадаадаас ирсэн зорчигчдыг заавал тусгаарлах журмаа цуцлахаар болж байгаа юм. БНХАУ “Тэг КОВИД” бодлогынхоо хүрээнд 1.4 тэрбум иргэнээ амралт, зугаалгын зорилгоор гадаадад зорчихыг бүрэн хориглосон тул нэг ёсондоо цар тахлын эхэн үеэс хойш дэлхийгээс тусгаарлагдсан байдалд байсан юм. Иргэдийг ажил, сургуультай холбоотой эсвэл ойр дотнын хүмүүстэй нь холбоотой яаралтай асуудал гарснаас бусад тохиолдолд гадаадад зорчихгүй байх шаардлага тавиад байв. Тус улс 2020 оны эхэн үеэс хойш Хонконг руу аяллын виз олгоогүй бол 2021 оны наймдугаар сараас эхлэн чухал хэрэгцээтэй биш бол шинээр гадаад паспорт олгохоо зогсоожээ. Дээрх шийдвэрийн өмнөх өдөр БНХАУ цар тахлын хяналтын түвшнийг дээд зэрэглэлээс хоёрдугаар зэрэглэл рүү бууруулж, “Тэг КОВИД” бодлогыг хэрэгжүүлэх хууль ёсны үндэслэлийг бүрэн цуцлаад байсан юм.