Б.Дашцэрэн: Аж ахуйн нэгжийг дэмжсэн эрх зүйн бодлого дутмаг байна

198


Бид бүгд монгол үндэстэнээ, өөрсдийгөө хамгаалж чаддаг дархлаатай баймаар байна. 
Б.Дашцэрэн: Мал эмнэлгийн салбар "хөл”-гүй болчихлоо
-Юуны өмнө та компанийнхаа талаар товч танилцуулна уу?
-Манайх 2013 онд байгуулагдсан, 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компани. 2018 оноос группын хэмжээнд гэрээт харуул хамгаалалт, мах махан бүтээгдэхүүний экспорт, барилга угсралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Бизнесийн салбарт 10 жил ажиллаж, энэ салбарыг ойлгох хэмжээнд хүртлээ сайн, муу олон зүйлийг үзэж туулж, саад бэрхшээлүүдийг ч даван сөрсөөр өнөөдрийг хүрсэн байна.  Манай компани Монгол Улсын татвар, нийгмийн даатгалын санд жилдээ 350 орчим сая төгрөг төлдөг. Ажлын ачаалал ихтэй үедээ 120 хүн ажилладаг.
Анх байгуулагдсан 2013 он бол 2008 оны үеийн дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын төгсгөл үе буюу нэлээд онцлог цаг үе байлаа. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар дэлхийн зах зээлээс Чингис, Самурай бондууд татан авч, маш их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Гудамж төсөл, аймгуудыг холбосон авто зам, төмөр замын шинэчлэл зэрэг томоохон бүтээн байгуулалт, уул уурхайн сэргэлтийг дагасан маш их хөрөнгө оруулалт хийгдэж байсан. Яг энэ үед бид барилгын туслан гүйцэтгэгч болон мах, махан бүтээгдэхүүний чиглэлд дагнаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Дараа нь Засгийн газар өөрчлөгдөж зарим том төслүүд улс төрийн хамаарлаас шалтгаалан зогсонги байдалд орж дотоодын  компаниудын хувьд тодорхой хэмжээний эдийн засгийн хямрал бий болсон. Эдгээрийг бид нарийн зохион байгуулалт шийдлийн үр дүнд давж гарсан. Гурав дахь том хүндрэл бол мэдээж дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай нүүр тулсан. Ийнхүү 10 жилийн хугацаанд дээрх гурван том хүндрэлийг туулсан байна.
-Монгол Улсын хувьд махны экспорт маш их анхаарал татсан салбар. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд гол бэрхшээл, даван туулах боломжийн талаар таны саналыг сонсмоор байна?
-Монгол Улс дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Япон, Иран, БНХАУ руу экспортолж байгаа. Манай гол худалдан авагч бол мэдээж урд хөрш. Дэлхий нийтийн цар тахлын үед тодорхой хүндрэлүүд гарсныг та бид бүгд мэдэж байгаа. Одоо ч Засгийн газар, бодлого гаргах албан ёсны байгууллагуудын шийдвэрийг хүлээсэн байдалтай л байна. Махны асуудал дээр хэвлэл мэдээллээр ч маш хүнд кэйсүүд яригддаг. Гэвч тэр бол цөөхөн тооны хүмүүсийн гаргаж байгаа хариуцлагагүй үйлдэл. Цөөнхийн хариуцлагагүй үйлдлээс болж нийт компаниуд, тэнд ажиллаж буй мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг үгүйсгэж харлуулж болохгүй. Харамсалтай нь аль ч салбарт ийм тохиолдол их байна.
-Гэхдээ гол хүндрэл юунд байна гэж та дүгнэх вэ?
-Монголд мах махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа 185 орчим ААН байдаг. Тэдгээрийн 15-20 нь экспорт хийх зөвшөөрөлтэй, бодлогын гэрээгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани анх малчдаас мах худалдаж авч бэлтгэн нийлүүлэлт хийх брокерын хэлбэрээр ажиллаж байгаад сүүлийн хоёр жил зарим ААН-тэй хамтарч экспорт хийж эхэлсэн. Экспортод гаргах махны нөөц бололцоо, үйлдвэрийн хүчин чадал, дотоодын нөөц гээд асуудлууд мэдээж бий. Үүн дээр салбарын зохицуулалт хийх шаардлага бас байна. Жишээ нь, экспорт хийх зөвшөөрөлтэй  аж ахуйн нэгжүүд нь бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, зөвшөөрлийг улсаас тодорхой шаардлага хангасан үйлдвэр, ААН-үүдэд үнэгүй олгодог боловч зарим этгээдүүд давуу эрхээр авсан тохиолдол гарч байсан. Мөн санхүүгийн худалдан авах чадвар өөр, өөр байдаг.
Монгол Улс жишээ нь 40 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортолно гэж тооцсон байлаа гэхэд тэдгээрийн дийлэнх хувийг нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд экспортолдог. Манай хамгийн том худалдан авагч мэдээж өмнөд хөрш. Тус улсын Засгийн газрын зүгээс аттестатчлал хийдэг учраас манай тал компаниудаа санал болгосон ч үйлдвэрийн хүчин чадал, зохион байгуулалт зэрэг янз бүрийн нөхцөл байдлаас хамаараад Монгол компаниуд маш цөөхөн ордог. Монгол компаниудаас "Мах импекс” ч юм уу олон жилийн түүхтэй монополь компаниуд түлхүү ажиллаж, бид тэднийг дагаж үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байдалд ажиллаж байна.
 
 
Ер нь дулааны аргаар боловсруулсан мах экспортолно гэдэг инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг зүйл дэлхий дээр ганц Монгол Улсад байгаа байх. Өмнөд хөрш маань Хүнсний аюулгүй байдлын тухай маш том хуультай, бараа бүтээгдэхүүн импортлож буй компаниуд нь төв Засгийн газраасаа олгосон зөвшөөрөл, квотын хүрээнд өндөр хяналтан дор  мах болон хүнсний бүтээгдэхүүнийг хилээрээ нэвтрүүлдэг.
Хоёрдугаарт, манайд малын гоц халдварт өвчин их гардаг. Дэлхийн Мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад манай улс жил бүр малаа эрүүл гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр хүсэлт илгээдэг. Хүсэлтээ шийдвэрлэхийг хүлээж байтал манай аль нэг аймаг, орон нутагт шүлхий ч юм уу ямар нэг малын гоц халдварт өвчин гарчихдаг. Ингэхээр Монгол Улсыг бүхэлд нь эрүүл бүс гэж зарлаж болдоггүй. Тиймээс манай гол худалдан авагч өмнөд хөрш адууныхаас бусад төрлийн малын махыг заавал дулааны боловсруулалт хийхийг шаарддаг, энэ нь малын гоц халдварт өвчний вирусийг идэвхгүй байдалд оруулж байгаа хэлбэр юм. Дулааны аргаар боловсруулсан махыг худалдан авагч тал дахин боловсруулж хэрэглэдэг учраас үнэ нь бусад улсын ижил түвшний экспортын  махнаас харьцангуй бага тогтоогддог.
Мэдээж вакцинжуулалт маш чухал. Гэтэл улсаас тендер зарлаж аль нэг улсаас вакцинаа авдаг ч хамгийн гол нь яг малчны хотонд очиж вакцин хийх ёстой мал эмнэлгийн салбар нь "хөл”-гүй болчихсон. Малын эмч нар хөдөө орон нутагт ажиллахаа больчихсон. Аймаг, сум бүрт мал эмнэлгийн тасаг байдаг ч ачаалал ихтэй эсвэл өөр бусад ямар нэг шалтгаанаар вакцинаа малчдад өөрсдөө тариарай гээд өгчихдөг. Малчид түүнийг нь малын эмнэлзүйн стандартынх нь дагуу тарьж байна уу үгүй юу гэдэг асуудал байна.
Нөгөө талаар малыг эрүүлжүүлэх талаар яам, Засгийн газрын хэмжээнд бодлогын түвшинд яриад байгаагаас биш малчны хотонд очихоор малын эрүүл мэндэд, махны чанарт нөлөөлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
-Гэтэл бид бэлчээрийн соргог өвс иддэг гайхалтай цэвэр мах, малтай гэж бахархдаг шүү дээ?
-Үнэхээр 180 төрлийн эмийн ургамлыг бид малын махаараа дамжуулж иддэг гэдгээ баталгаажуулъя гэвэл өнөөдөр малын тоонд бус чанарт анхаарах зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Бид малыг малчны хотноос амьдаар нь авчираад махаа боловсруулдаг, толгой шийр, нэхий, өлөн гэх мэт дайвар бүтээгдэхүүнээ борлуулдаг. Гэтэл харамсалтай зүйл гэвэл монголчууд дотор гэдэс идэхээ больчихсон. Бидний голоод хаядаг малын махны шилийг урд хөршийнхөн боловсруулж, пивоны даруулга үйлдвэрлэж, Вьетнам руу экспортолдог. Тойг, яс, чөмгөөр ясны гурил, малын тэжээл хийдэг. Бидний ярьж заншсанаар малын гүзээ, цоохор сархинаг чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй инсулинийг  тогтворжуулагч гэгдэн үнэ хүрч байх жишээтэй. Оросоос адуу, үхрийн шир, малын гаралтай арьс ширийг хүнсний зориулалтаар худалдаж авах саналууд ирдэг. Энэ мэтээр дэлхий нийтийн хэмжээнд мал аж ахуйгаас ямар ч хаягдал гаргахааргүй хэмжээнд хэрэглэдэг болчихсон. Манайд байгаа гол асуудал боловсруулалт муу, болхи, хоцрогдсон, дээрээс нь монголчууд жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тааруулж хоол хүнс, цагаан идээгээ хэрэглэдэг байсан бол олонх нь суурин амьдралд шилжиж, иргэншлийн зөрүү, хэрэглээний өөрчлөлт их гарч байгаа тал бий.
Арьс шир экспортлохыг хориглосон
тогтоолыг эргэж харах шаардлагатай
-Малын махнаас гадна экспорт хийх ёстой зүйлүүдийн нэг бол яах аргагүй арьс шир. 2018 онд ХХААЯ-наас арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээл олгосон. Гэтэл харамсалтай нь зээл авсан цөөн хэдэн үйлдвэрийн захирлууд зээлээ зориулалтын бусаар ашиглачихсан. Үүнийгээ яаманд тайлбарлахдаа "Арьс шир буюу боловсруулах бүтээгдэхүүнийг урагш нь түүхийгээр нь экспортлоод байна” гэдэг гомдол тавьсан. Гэтэл өрөөнөөсөө гарч ажил хийдэггүй шийдвэр гаргагч нар тэр үгэнд нь шууд итгээд Засгийн газрын 300 дугаар тогтоолоор арьс ширний экспортыг хориглосноор, бид арьс ширээ гаргаж чадахгүй гацаанд орсон. Нөгөө талдаа Монголын уламжлалт аргаар төхөөрсөн малын  арьс, шир эсгэгдэж, гэмтэх тохиолдол гардаг. Тэрийг манай улсын үйлдвэрүүдэд одоо ашиглаж байгаа технологиор боловсруулах боломж байхгүй. Нэг ёсондоо манай хаягдлыг үнэ хүргэж авч байсан бол буруу мэдээлэл өгснөөс болоод экспорт зогссон. Жил болгон техникийн зохицуулалт хийж байж, хэдэн малынхаа арьс ширээ гаргадаг. Уг нь Ц.Сэргэлэн сайд байх үедээ энэ асуудлаар маш оновчтой зохицуулалт хийсэн. Харамсалтай нь, тэр зохицуулалт нь одоо байхгүй. Ингээд жил болгон Засгийн газрын 300 дугаар тогтоолын зохицуулалтыг хийнэ гээд арьс ширний экспорт  зогсдог. Манайх өмнө чөлөөтэй гарч байсан арьс ширний экспортыг хориглож хязгаарлалт тавиад эхлэнгүүт худалдан авагчид "Танайх арьс ширээ хагас боловсруулалт хийсний дараа манайх худалдаж авна” гээд зөрүүлээд нэмэлт шаардлага тавьж байгаа юм. Арга ч  үгүй биз, дээрх тогтоолоос болж арьс ширний ААН-үүдийн үйл ажиллагаа гацсан. Эмээлтэд гэхэд л  8-9 тэрбум төгрөгийн хөрөнгө гацсан. Үүнээс болж нэхий өлөн 100 төгрөгийн үнэтэй болж үнэ нь унасан. Энэ бол хувийн хэвшил төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо муу байгаагийн илрэл. Мөн өнөөдрийн багахан ашиг, амин хувиа бодож нийтээрээ ирээдүйд олж болох өндөр боломжийг хаасан цөөн тооны хүмүүсийн буруу. Мөн бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс амьдралын гүн рүү орж асуудлыг судалж үзэхгүй байгаагийн гол хор уршиг энэ юм.
Бид өнөөдөр бэлчээрийн даац хэтэрсэн, цөлжилт ихэссэн, элсний шуурга, эко системийн эвдрэлийн тухай халаглан ярьж байна. Энэ бас л төр засгийн буруу шийдвэр, буруу бодлоготой холбоотой. Тоог чухалчилсан дэмжлэг их байдаг. Малчид малаа өсгөж мянгат малчин болох нь тухайн хүний эрхийн асуудал. Гэвч мянгат малчин болох юмсан  гэдэг хүний сэтгэлгээн дээр дөрөөлсөн улс төрчдийн нэвтрүүлсэн урамшуулалт системүүд байна. Жишээ нь ноос, ноолуурын урамшуулал. Ноолуурын урамшууллаас болж ямаа маш их өссөн. Ямаа бэлчээрийг маш их талхалдаг, өвсийг үндсээр нь зулгааж иддэг гэдгийг уг нь монголчууд мэддэг. Энэ мэтчилэн хяналт, зохион байгуулалтгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, салбарын судлагдахуунгүй улс төрийн шинжтэй буруу шийдэл, шийдвэрүүд ард түмэн, улс оронд маш их хор уршиг тарьж байна.
 
 
Мал гэдэг биологийн амьд бүтээгдэхүүн. Тиймээс ямар нэгэн өвчлөл гардаг учир эмнэл зүй зайлшгүй шаардлагатай. Түүнийг нь цаг хугацаанд нь, ном журмынх нь дагуу бодитоор хийвэл малын амьдын жин өснө, түүнийгээ дагаад ашиг шим өснө. Заавал 1000 малтай болох гэж зорих бус 300 малыг зөв зүйтэй маллаад, 1000 малын хэмжээний ашиг шимийг хүртэх боломж бас бий. Гэтэл дээр өгүүлсэнээр орон нутагт ажиллаж байгаа мал эмнэлэг гэж байхгүй. Дээрээс хичнээн зөв бодлогоор дэмжлээ ч доороо бодитоор хэрэгжүүлэх нэгж байхгүй үед малчин хүн тэр тариаг малдаа яаж тарихаа мэдэхгүй. Малчдад анхан шатны тийм мэдлэг мэдээлэл өгөх боловсон хүчин хэрэгтэй. Малчин гэдэг дээд боловсрол болсон шүү дээ уг нь. ХААИС-д малчны анги байгуулагдаад удаж байгаа. Тэгэхээр бид сэтгэхүйгээ ч өөрчлөх шаардлагатай.
Мал, малчин гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг. Асар өргөн уудам нутагт цөөхөн ард түмэн хязгаар нутгаа  батлан хамгаалдаг, улс орноо эзэнтэй байлгадаг гол өв соёлын дархлаа юм. Гэхдээ малчдаа дэмжиж байна гээд буруу шийдвэр гаргаад байж болмооргүй байна. Ер нь нийтээрээ халамжаас салж байж хөгжинө шүү. Бүгд ижил тэгш гараанаас эхлээд хэн нь илүү ухаантай, илүү хөдөлмөрлөж чадсан нь нийгмээ чирж явдаг зарчим бий.  Гэтэл малчдын нийгмийн даатгалыг 50 хувиар хөнгөллөө гэдэг. Тэгтэл өнөөдөр нийгмийн даатгалын өрийн дарамтад орчихсон ААН-үүд тэр чөлөөлсөн хувийг төлөөд байх нь хэр шударга вэ гэж боддог.
-Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид маань давхар өрийн дарамтад орчихсон байна гэсэн үг үү?
-Ковидын үед салбар яам, сайдаас агуулах, нөөцөд байгаа бүх түүхий махыг Шуурхай штаб руу нийлүүлэх ёстой гэсэн бичиг ирүүлж "Улс орон хэцүү байхад аж ахуйн нэгжүүд оролц, татвар, нийгмийн даатгал зэрэгт Засгийн газрын харьяа байгууллагуудын үйл ажиллагаагаар дамжуулан дэмжинэ” гэсэн. Бид ч цар тахлын нөхцөлд ямар ч цагийн хязгаарлалтгүй, нойр хоолгүй ажилласан. Орон нутагт бэлтгэгдсэн мах махан бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөх хуультай боловч бид өнөөдрийг хүртэл энэ хөнгөлөлтийг эдэлж чадаагүй байна. Ковидын хуулиар ажиллаж байсан бүх зүйл цуцлагдсан учир тэр үед ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн даатгалыг бид төлөхөөс өөр арга байхгүй. Гэтэл бид бодит байдал дээр нийгмийн даатгал төлөх орлогогүй болсон. Улсын холбогдох байгууллагаас нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ үнийг нэхэмжлэхээр ковидын нөхцөл байдалд ажиллаж байна, мал махны төлбөр бол дараагийн асуудал. Эм эмнэлгийн хэрэгслээ түрүүлж шийднэ гэсэн. Эх оронч сэтгэлээр ажилласаар татвар, нийгмийн даатгалын өр үүсээд хуримтлагдаад ирэнгүүт татварын байгууллагуудаас дансыг нь хааж, шүүхийн шийдвэр рүү шилжүүлнэ гэдэг хүнд асуудлыг олон олон аж ахуй нэгжүүд, захирал эздүүд туулж байна даа. Эцсийн эцэст биднийг ковидын үед ажлын байрыг хадгал, ажилчдаа бод эргээд дэмжинэ гэж байсан ч  бодит дэмжлэг үзүүлээгүй, маш олон аж ахуйн нэгж ковидоос болж хаалгаа барьж байна. Мэдээж шийдвэр гаргагчид хүн л юм чинь алдаа гаргаж болно. Гэхдээ аливаа асуудлыг салбарынх нь асуудлаа мэддэг хүмүүс шийддэг байвал учрах хор хохирол нь бага баймаар санагддаг. Алдаатай шийдвэр гаргаж 10 удаа засч, цаг хугацаа, татвар төлөгчдийн мөнгийг үрэхийнхээ оронд маш сайн судалгаатай, бодитой шийдвэрийг нэг удаа гаргах юм бол эдийн засагт хэрэгтэй, бидэнд ч нэмэртэй. Хувийн хэвшлийн бид татвар төлж, Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний үүрэг хүлээдэг. Гэтэл бидний төлж байгаа энэ татварын мөнгө хэрэгцээ, шаардлагатай зүйлдээ очихгүй, хий дэмий  үрэгдээд байгаад сэтгэл эмзэглэж явдаг.
Компанийн тухай хууль монополь
группуудыг дэмждэг
-Хувийн хэвшлийнхэн бид Татварын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуультай нүүр тулдаг. Үүн дээр Зөрчлийн хууль гэдэг том хууль нэмэгдлээ. Уг нь татвар, нийгмийн даатгалын байцаагч нар аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үүрэгтэй байсан. "Та татварын тайлангаа ийм хугацаанд ингэж тайлагнах ёстой шүү” гэж зааж зөвлөдөг байлаа. Гэтэл Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш тэд тайлан алдаатай, буруу гээд зөрчлийн хэрэг нээдэг, хэрэг бүртгэгч боллоо. Татварын байцаагчийн эрх мэдэл, улсын төсөвт орлого бүрдүүлэх, төлөгдөхгүй байгаа татварыг татан төвлөрүүлэх эрх нь нэмэгдээд байгаа мэт боловч шууд утгаараа хэрэг бүртгэлийн ажил хийдэг болсон, зөвлөн дэмжих үндсэн чиглэл нь байхгүй болсон. Аж ахуйн нэгжүүд тэр болгон шууд байгуулагдангуутаа орлого олоод нягтлан цалинжуулах боломжгүй нь ч бий. Тийм учраас гэрээт нягтлан гэдэг нэр томьёо санхүүгийн системд байдаг. Гэтэл Зөрчлийн хуулиар  нягтлангийн буруугаас болоод тайлан хугацаанд илгээгдээгүй тохиолдолд компанид дөрвөн сая төгрөгийн торгууль ноогдуулна гэдэг болсон. Татварын байгууллагын байцаагч, ажилтнууд аж ахуйн нэгжүүдэд зөвлөн тусладаг байсан бол олон аж ахуйн нэгж тайлангаа зөв үнэн бодитой гаргаж, далд эдийн засаг хумигдаж, улсад очих татварын орлого нэмэгдэж байх ёстой байтал Зөрчлийн хуулиар ААН-үүдийг торгоно, хаана, бооно гэдэг болсон. Ингээд компаниуд Х тайлан өгдөг, далд эдийн засгийн хэлбэр рүү шилжих нэг нөхцөл бүрдэж байна.
Мэдээж бүгд болохгүй байгаа юм биш, сайжирч байгаа ч зүйлс байна. Жишээ нь: Төрийн ажил цахимжсанаар цаг хугацаа, мөнгө, цаас хэмнэж байгаа. Гэхдээ бүх зүйлийг Зөрчлийн хуулиар далайлган торгоод байх нь хэр зөв бэ гэдгийг бас эргэж харах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль дээр ажилтан ажил олгогч хоорондын зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгаар нэлээн сайн түвшинд гаргасан. Гэхдээ дутагдалтай зүйлүүд бий. Тухайлбал, Компанийн тухай хууль бол монополь түвшнийхэнд л зориулсан хууль гэж надад санагддаг. Гэтэл манайд компанийн засаглал тийм сайн хөгжиж байгаа билүү? Нийгмийн даатгалын хууль бас учир дутагдалтай. Монгол Улс дөрвөн 10-ын татвар гэж сүрхий том татвартай. Гэтэл буцаан олголт нь шударга явагддаг эсэх нь эргэлзээтэй. Энэ мэтээр татвар, нийгмийн даатгалын хуулиуд жирийн аж ахуйн нэгжүүдэд нэлээн дарамт болж байгаа. Мэдээж бид татвараа төлөх ёстой, улс ч авах ёстой. Энэ бол Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүрэг, үүн дээр улс оршин тогтнож байдаг. Гэхдээ хэрэглэгч нь хэн юм бэ гэдгээ бас анхаарах хэрэгтэй. Тендерийн буюу орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил бараа бүтээгдэхүүн худалдаж авах хууль мөн л том, монополь компанид давуу эрх олгосон. Дөнгөж байгуулагдсан аж ахуйн нэгж тодорхой шаардлагуудаа хангаад, мэргэжилтэй боловсон хүчиндээ тулгуурлаад тендерт орох боломж хязгаарлагдмал. Тендерийн зөвлөмжид "Сүүлийн гурван жилийн борлуулалтын орлогын дунджийг харгалзана” гээд заасан байдаг. Нэг талаар дээр дурьдсанчлан улсын хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа ажилд зохих шаардлага тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаас аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих вэ гэдэг нь тодорхой биш байдаг.
Бид зөвхөн Монголын биш, дэлхийн иргэд
 
Ер нь бол бид "Муу хужаа”, "Хятадтай ажилладаг учраас муу хүн” гэж шууд дүгнэдэг, ад үздэг хандлагаас салмаар санагддаг. Монгол Улсын 1,5 сая км квадрат талбай дээр амьдарч байгаа та бид Монголын гурван сая хүн биш, дэлхийн иргэд. Даяаршиж байгаа дэлхийд бид яаж хөл нийлүүлэх вэ? гэдгээ бодох ёстой. Хүссэн хүсээгүй дэлхий нийтэд урд хөрш эдийн засгийн том тоглогч. Монгол биш дэлхий тэр чигээрээ тэндээс худалдан авалт хийж, гангаа, нүүрсээ нийлүүлье гэж байна. Манай улс далайд гарцгүй. Бид экспортоо урд хөршөөрөө л дамжуулна. Эдийн засаг маань өөрөө гадаад нөхцөл байдлаас хэтэрхий хамааралтай цаг үед бид амьдарч байгаа учраас Монголын эхний хөрөнгө оруулагчид хэн байх вэ гэдгийг бид бодож үзэх ёстой. Монгол, Хятад хоёр үндэстний түүхийн сайн муу харилцааг тухайн цаг үед нь орхих хэрэгтэй. Шилдэг технологи, шилдэг бизнесменүүд, шилдэг ололт амжилтууд тэднээс төрж байна. Бид энэ үндэстэнтэй мөнхийн хөршийн хувьд яаж зэрэгцэн хөгжиж, тэднээс юу сурах, юу өгч, юу авах юм бэ гэдгээ анхаарах ёстой. Хятад хүмүүстэй ажиллахад 10 хүний найм нь Монгол хүнд хулхидууллаа гэдэг. Мэдээж энд түншээ зөв сонгох асуудал бий. Нөгөө талаар бидэнд гадны хөрөнгө оруулагчтай хэрхэн бизнес хийх соёлд суралцах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа бид гадаадын хөрөнгө оруулагчид, тэдний Монголд оруулж ирсэн хөрөнгийг хамгаалах талаар яриад байдаг. Тэгвэл нөгөө талаас гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь цэвэр үү, хамтарч ажиллаж байгаа манай аж ахуйн нэгжид ямар хохирол учруулж болох эсэх, ямар үр өгөөж өгөх, хэдэн ажлын байр бий болгох, цалин яаж нэмэгдэх, үйл ажиллагаа нь бодитой байх уу гээд бүх талыг нь харах хэрэгтэй байна. Нэг ёсондоо бидний саналаар сонгогдсон шийдвэр гаргах түвшнийхэн маань нийтийн эрх ашгийг хаана ч хэний ч өмнө соёлтойгоор хамгаалж чаддаг, бид бүгд нийлээд монгол үндэстэнээ, өөрсдийгөө хамгаалж чаддаг дархлаатай баймаар байна.
Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
 
"Зууны мэдээ” сонин. Базарбямбын Нямсүрэн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn