У.Хүрэлсүхийн онцгойлон анхаарч буй таван асуудал: Хүнс, эрчим хүч, нефть, дэд бүтэц, мэдээллийн технологи

518


Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд таван зүйлд анхаарлаа хандуулж  ажиллаж байгаа гэдгээ МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгогчидтой уулзахдаа хэлж яваа.  Эдгээр таван чухал асуудал МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олжээ.
Энэ таван асуудлын талаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  хэлсэн үгийг хүргэе.
Нэгдүгээрт, эрүүл хүнсээр иргэдээ хангах ёстой.
Монголчууд өлсөх ёсгүй, эрүүл хоол хүнс идэх ёстой. Өнгөрсөн гурван жилд үр тариа, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж  ажиллаж байна. Бид хүнсээр зөвхөн  дотоодын хэрэгцээгээ хангах биш, гадаадад экспортод гаргах боломжтой. Монгол улс усан далайд гарцгүй ч  хүн далайд гарцтай. Бидэнд хүн ам ихтэй хоёр том хөрш байна. Тэдэнд хүнсний хэрэгцээ бий. Монголын   газар нутаг дээр тарьж боловсруулсан хүнс ногоо бол дэлхийн дунджаас дээш орлоготой хүмүүсийн иддэг хүнс байх болно. Ийм боломжийг та бид хамтдаа бүтээж чадна.
Хоёрдугаарт, эрчим хүчээр эх орноо хангах ёстой.
Цахилгаан эрчим хүчийг гаднаас авахгүй гэж олон жил ярьсан боловч  өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдөр эрчим хүчнийхээ хэрэглээний 20 хувийг бид гадаадаас авч байгаа. Ирэх дөрвөн жилд үүнийг өөрчилнө. Бид IV цахилгаан станцыг өргөтгөсөн, одоо III цахилгаан станцыг өргөтгөнө.  Дарханд шинээр цахилгаан станц барьж байгуулсан. Таван толгойн цахилгаан станцыг барихаар болсон. Дөрвөн жилийн дараа гэхэд бид гадаадаас эрчим хүч авдаггүй, өөрсдөө эрчим хүч экспортлогч орон болно.
Гуравдугаарт, газрын тос боловсруулагч орон болно.
Манай улс өөрсдөө газрын тостой ч жил бүр нэг тэрбум ам.долларыг гадаад руу гаргадаг. Манай улс нийт шатахууныхаа 98 хувийг гадаадаас авдаг. Хэрэв бид газрын тос үйлдвэрлэгч орон болж чадвал нэг тэрбум ам.доллар Монголд үлдээд зогсохгүй долларын ханш унана, бензиний үнэ бууна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. Бид үүний дэд бүтцийн ажлаа хийгээд дууссан. Одоо үйлдвэрээ барьж эхэлнэ. 2023 оны сүүл гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр маань ашиглалтад орно. Монгол хүн монгол төгрөгөөр монгол бензинээ машиндаа хийнэ. Энэ ажлыг заавал хийх ёстой. Бидний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Дөрөвдүгээрт, дэд бүтцийн асуудлаа шийднэ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид 2000 км авто зам тавилаа. Олон гүүр далан, инженерийн байгууламжуудыг барьж чадлаа. Монголчууд өөрсдөө газрын тосны үйлдвэрийн 100 тоннын даацтай авто замыг барьсан. Манай монгол инженер, замын компаниуд ийм чадвартай, чадалтай болсон байна. Төмөр замыг монголчууд бид өөрсдөө тавьж байгаа. Энэ замыг монгол инженерүүд, цэргүүдтэй хамт тавьж байна. Цаашид бид цэргийн инженерийн ангитай болохоор төр засгаас техник хэрэгслээр нь хангаж байгаа. Монголчууд бид алийн болгон хүнээс гуйж, бусдаас царайчилж, бусдаар амьдралаа заалгах вэ. Бид өөрсдөө хийх цаг болсон.  
Тавдугаарт, харилцаа холбоо, мэдээллийн  технологийг хөгжүүлнэ.
Та бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг радио телевиз, барьж буй гар утас, компьютер, интернет, онлайн бол бүгд харилцаа холбоонд орж байгаа. Энэ асуудал манай улсад харьцангуй шийдэгдсэн. Одоо улам сайжруулах ёстой.
Энэ таван асуудлыг цогцоор нь хийж чадвал Монгол Улс маань мандан бадарч,  хөгжин дэвших болно. Эхний гурван асуудалд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол шингэж буй учраас нэн тэргүүнд хийх ёстой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn