Washington Post: Монгол Улс Хятад, Оросын сүүдрээс гарахыг эрмэлзэж байна

ВАШИНГТОН. /Washington Post/. Энэ оны зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжинг зорьсон. Тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинтэй Ардын их хурлын танхимд уулзаж, өмнөд хөрштэйгээ худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх олон гэрээ хэлэлцээрийг байгуулсан юм. Харин үүнтэй зэрэгцэн Монголын эрх баригчид Улаанбаатар хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе Фернандестай уулзаж, чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Эдгээр ашигт малтмал нь дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголд арвин нөөц бий.
Нийт 3.4 сая хүн амтай, далайд гарцгүй Монгол нь Хятад, Орос гэсэн асар том хоёр хөрштэйгээ олон талаар нягт холбоотой хэвээр байгаа ч ардчилсан замаар сонгогдсон Засгийн газар нь эдийн засгаа төрөлжүүлэх, Япон, БНСУ зэрэг бүс нутгийн бусад гүрнүүд, цаашлаад барууны орнуудтай харилцаагаа өргөжүүлэхээр тууштай ажиллаж байна.
“Монгол Улс “гуравдагч” хөршийн бодлогоо өргөжүүлж байгаа бөгөөд гадаад харилцааны тэнцвэрийг хадгалахад энэ бодлого нэн чухал” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Вашингтон дахь Монголын Элчин сайдын яамны байранд “Washington Post” сонины сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөх үеэрээ хэлээд, АНУ бол Монголын хамгийн чухал “гуравдагч” хөршүүдийн нэг гэж үздэгээ онцлов.
Дундад зууны үеийн Монголын их байлдан дагуулагч Чингис хааны хөрөг зургийн өмнө өгсөн ярилцлагынхаа үеэр Л.Оюун-Эрдэнэ улсынхаа парламентын ардчилал болон АНУ-тай хуваалцаж буй үнэт зүйлсийг бахархан дурдав. Гэхдээ АНУ-ын Конгресст үзэл суртлын дайсагнасан хандлага илэрч, олон хууль тогтоогчид Хятадтай шууд сөргөлдөхийг турхиран шахаж буйг сэрэмжлүүллээ.
Гэхдээ Монгол Улс хэтийн төлөв, харах хүрээгээ тэлэх хүсэл зорилготой. Улаанбаатарт суугаа АНУ-ын Элчин сайдын хэлсэнчлэн “ээдрээтэй, ил тод бус, урьдчилан таамаглах аргагүй” хэмээн тодорхойлж байсан улс төрийн хүндхэн нөхцөл байдлыг даван туулах чиглэлд гаргасан Засгийн газрынхаа хүчин чармайлтыг Л.Оюун-Эрдэнэ онцлон дурдаад, “хууль журмыг гажуудуулан авлигын сэдлээр хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахааргүй болгож, импортлогчид ба экспортлогчдын хувьд хүндрэл үүсгэж байгааг” нэмж хэллээ.
Түүнчлэн Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглалаар, зэсний эрэлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, жилд 50 сая тоннд хүрнэ. Дэлхий даяараа 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхийн тулд цөмийн эрчим хүчний салбарт нэг жилд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг ирэх таван жилийн хугацаанд гурав дахин нэмэгдүүлж, 125 тэрбум долларт хүргэх шаардлагатай байна.
Олборлолт өсөж эхэлж байгаа хэдий ч цаашид хээл хахуулийг таслан зогсоох, ил тод байдлыг сайжруулж, дэд бүтцийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай. Монголчуудад заяасан энэ их баялаг нь нийлүүлэлтийн сүлжээний тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх боломжийг олгоно гэдэгт Л.Оюун-Эрдэнэ итгэлтэй байна.