“НӨАТ-ын таван хувьтай холбоотой хуулийн төслийг хоёр хувилбараар өргөн барина”

308


МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Ерөнхий сайдын Киргиз улсад хийсэн айлчлал болон бүс нутгийн асуудлаар мэдээлэл өгчээ. Хуралдааны  дарга бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар мэдээлэл өглөө. Тэдний байр суурийг хүргэе.
 
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 
-D Parliament системээр санал хураасан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Журмын дагуу хоёр байдлаар өргөн барих учиртай. Нэгдүгээрт, байнгын хороо хуулийн төслийг боловсруулж, санаачлах юм уу, эсвэл D Parliament-ийг санаачилсан гишүүд хуулийн төсөл өргөн барих хувилбар бий. Эсвэл Засгийн газарт чиглэл өгч, хуулийн төслийг өргөн барих чиглэлтэй. Үүний аль нэгээр нь ойрын үед шийдвэр гаргана. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх эрхгүй болсон. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын асуудлыг Засгийн газар оруулж ирэх ёстой.  Гэхдээ энэ удаагийн Төсвийн хуульд яригдахгүй, цаашид судалж байж оруулж ирэх болов уу. Мөн бүлгийн гишүүд сургуулийн үдийн цайны мөнгө, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө бага байгаатай санал нэгдэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хувилбарууд боловсруулж байгаа гэж мэдээлсэн. Хотын төвийг төлбөртэй болох асуудал яригдаж байна. Үүнийг бүлэг дээр дэмжсэн, дэмжээгүй гэх асуудал гаргаагүй. Төлбөртэй бүсийн талаар сайн ярилцах хэрэгтэй байна. Хэдий бид түгжрэлтэй, нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн түгжрэлээс гарах арга замыг олон талаас нь ярих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:
-Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг бүлэгт танилцууллаа.  Энэ хуулийг арванхоёрдугаар сарын 30-ны дотор багтаан батлах ёстой. Ойрын үед УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөөд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн. Улсын хэмжээнд санал авах байр буюу хэсгийн хороо 2148 бий. Эдгээр хэсгийг бүрэн камержуулснаар хөндлөнгийн хяналт тавих боломж бий болно. Сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааг оновчтой, хүртээмжтэй байдлаар явуулах чиглэлд хэд хэдэн зүйл заалтыг хуулийн төсөлд оруулсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид мөнгөний нөлөөлөлгүй байх зарчмыг тусгаж өгсөн. Самбарын биш бодлогын өрсөлдөөнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулж өгөх ёстой.
Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэсэн буруу ойлголтыг хална. Сонгуулийн сурталчилгааны үед 70-80 мянган самбар улсын хэмжээнд хэвлэгддэг. Хэн мөнгөтэй боломжтойгоо харуулсан самбарын өрсөлдөөн ингэж явагддаг байсан. Иргэдэд ойлгомжтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн нэгдсэн самбартай болгох талаар тусгасан. Ингэсээр улсын хэмжээнд 1523 самбар хийгдэж зардал буурна. Сонин хэвлэл, сэтгүүл, ухуулагчдын тоог багасгаж өгсөн.  Анхан шатан дахь улс төржилтийг багасгах, нутгийн өөрөө удирдлагын байгууллагын уялдаа холбоог хангана. Сум дүүргээс сонгогдсон хурлын төлөөлөгч нар тухайн орон нутгийнхаа асуудлыг аймаг, нийслэлийн хэмжээнд шийдүүлэх боломжтой болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn