Хуулийн байшинг нэг жилд босгож, төрөхийн барилгыг 10 жил царцаах нь ард түмэндээ хандах улстөрчдийн нүүр царай

693

tulenhiin tuv-2


Барилгын улирал эхлэх болоогүй, өвлийн cap үргэлжилж байгаа энэ үед нийслэлд хэд, хэдэн газарт барилгын ажил үргэлжилж байна. Тэдгээр нь хувийн гэхээс улсын төсөвт барилгын ажлууд байх юм. Улсын төсвийн барилгууд сууриа тавиад л царцаж орхидог явдал энэ өвөл харин эсрэгээрээ байгаа нь сайн хэрэг юм.


Чухам ямар барилгууд ийнхүү эрчтэй урагшилж байгааг тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Тагнуулын ерөнхий газрын өргөтгөл, шинэчлэл байна Үүнтэй зэрэгцэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн барилгын шинэчлэлийн ажил ч их эрчтэй явж харагдана. Олзуурхууштай явдал аж.


Гэтэл 10 жил дуншиж байгаа Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлгийн барилга 13 тэрбум төгрөгтэй л бол ашиглалтад орлоо гэж барилгачид нь дөрөвхөн хоногийн өмнө мэдэгдлээ. Сураг тасарсан Түлэнхийн эмнэлгийн барилга ч ийм хэмжээний хөрөнгө орж байж үүдээ нээнэ гэж байгаа.

Хууль хүчний барилгууд хоромхон хугацаанд босчихдог, эмнэлгийн барилгууд хэдэн жилээр ч царцаж орхидог явдал сүүлийн үед нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Хууль хүчнийхэнд атаархсан хэрэг биш ээ. Нэг салбар нь ч өнгөтэй өөдтэй, ажиллагсад нь тав тухтай орчинд ажиллаж байвал түүнийг бид дэмжих учиртай.


Гэтэл улс орны хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбар дэндүү өрөвдөлтэй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүйгээс монголчууд тарчилж байна.


Өвөл болоход ханиад томуу авсан хүүхэд багачуудад эмнэлгийн ор хүрэлцдэггүй. Халуун ус, хоолонд түлэгдсэн хүүхдүүдийг хүлээн авах тасаг улсын хэмжээнд ганц л ажиллаж байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийг үндэсний хэмжээнд нэг л эмнэлэг хариуцаж байх жишээтэй.


Эдгээр эмнэлгүүд үйл ажиллагаагаа өргөжүүлж хүртээмжтэй ажиллая гэвч төсөв хэмээх том хайчинд хэрчүүлсээр зүрхгүй болсон гэхэд хол зөрөхгүй. Эрүүл мэндийн салбарынхан битгий хэл монголчууд үүнийг хүлээн зөвшөөрдөг болчихоод байна.


Харин хууль хүчний барилга, байгууламжууд сүүлийн жилүүдэд маш хурдтай баригддаг боллоо. Жил хүрэхгүйн хугацаанд л нэг том барилга сүндэрлээд, шил толь болсон сүртэй барилга үүдээ нээдэг болж. Тэр барилгыг барьсан төсөв нь олон жил дуншсан эмнэлгийн барилгуудаасаа ч их байх нь бий. Хамгийн гол нь ийм хоёр салбарын бүтээн байгуулалт яагаад тэнгэр газар шиг ялгаатай байгааг олон нийт гайхах болжээ. Хардах үндэслэл ч яригдаж эхэллээ.


Аливаа нэг барилга байгууламж урагшилна гэдэг түүний ард хэн нэгэн дарга, сайдын тушаал шийдвэр, хичээл зүтгэл нөлөөлж байдаг. Манайхаар бол ашиг сонирхлын нэгдэл дээр бүтдэг ажил. Хараар хэлэхэд төсөв батлагч, хариуцагч хэн нэгэн сайд, дарга руу Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга утас цохиод “Манай тэр барилгын төсөвт анхаараад өгөөрэй хө” гэх.


Харин Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, аль нэг нэгдсэн эмнэлгийн дарга төсөв хариуцаж байгаа хэн нэгэн рүү ярих хоёрын алинд нь манай дарга, сайд нар хөдлөх бол. Одоо харагдаж байгаа нөхцөл байдал дээр бол хууль хүчнийхэн үнэхээр “хүчтэй” байна.


Улс орны төсөв хүндрэлтэй байна гээд төрөх эмнэлэг, түлэнхийн төвөөсөө мөнгө харамладаг. Тэгвэл ямар төсвөөрөө энэ хууль хүчнийхэн өвөл ч хамаагүй өндөр барилгуудаа барьдаг болчихов.


Саяхны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Томуугийн өвчин дэгдэлт хэлбэрээр явж байна. Улаанбаатар хотод хүүхдийн 1,032 ор байгаа. Бид том хүний ороо хүүхдийн ор луу шилжүүлээд 1,044 болгочихоод байна. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүд эмнэлгийн зориулалтын биш байртай гээд асуудал их байна.


Эмнэлгийн барилга 10 жил хүлээгддэг, тагнуулын барилга нэг жилд ашиглалтад ордог гэдэг нь үнэн шүү дээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, боловсон хүчнээ сайжруулах шаардлага байна” гэсэн нь анхаарал татна. Үнэхээр ийм л төрх өнөөдөр Монголд байна.


Улстөрчдийн хуулийн байшинг нэг жилд босгож, төрөхийн барилгыг 10 жил царцааж ард түмэндээ үнэн нүүр царайгаа харуулж байгаа цөөн хэдэн жишээг дор дурдъя.


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БА ТҮЛЭНХИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ


Цагдаагийн ерөнхий газрын төв байр одоогоос зургаан жилийн өмнө ашиглалтад орж, хотын төв хэсэгт ийнхүү сүндэрлэж байна. Хуучин Нийслэлийн цагдаагийн газар байрлаж олон жил ажилласны дараа барилгын чанар муудаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж онцолж байв.


Тиймээс 2011 оноос суурин дээр нь Цагдаагийн ерөнхий газрын төв байрыг Монхаус компани барьж эхэлжээ. Барилгын нийт талбай 6,800 м.квадрат. Нэлээд томоохонд тооцогдох барилга болсон билээ. Нийт өртөг нь долоон тэрбум. Барилгын ажил гуравхан жилийн хугацаанд үргэлжилж, 2014 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байлаа.


Тэгвэл одоогоос яг долоон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн долдугаар хороо 11 дүгээр хороололд байрлах Түлэнхийн төв эмнэлгийг өргөтгөх ажил эхэлсэн байдаг.


Анх 1957 онд ашиглалтад орж олон жилийн эдэлгээнд хуучирсан учраас актлагдахад хүрсэн. Тиймээс суурин дээр нь 200 ортой түлэгдэлт, хөлдөлтийг эмчилдэг олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барихаар 2013 оноос эхэлсэн юм.


Бас л дээрх ЦЕГ-ын жишээтэй ижил, суурин дээрх барилгыг нураагаад өөр шинэ барилга барих төсөл байв. Гэвч барилга нураах төсөв батлах, дараа нь гүйцэтгэх компани сонгон шалгаруулах ажил удааширсаар өнөөдөр долоон жил өнгөрөхөд ашиглалтад ороогүй хэвээр байна. Гүйцэтгэгч нь Нутгийн зам, Цаст констракшн гэх хоёр компани ажилладаг гэх.


Өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа шалтгаан өнөө л санхүүжилт. Анх Засгийн газраас 3.8 тэрбум төгрөг гаргаж өгөөд л санхүүжилт зогссон. Гүйцэтгэгч компаниуд санхүүжилтээ нэмэх хүсэлт тавьсаар ирсэн. Уг нь барилгын ажил дуусчихвал 1.2 сая ам.долларын орчин үеийн тоног төхөөрөмж ажиллаж эхлэхэд бэлэн байгаа юм билээ.


Түлэнхийн төв ашиглалтад орохгүй бол ГССҮТ-ийн Түлэнхийн ганц тасаг ачааллаа дийлэхгүйд хүрч мэдэхээр байгаа юм. Тус тасаг “Жилдээ 4,000-4,500 хүнд яаралтай тусламж үзүүлдэг, тэдний 2,500-3,500 нь бага насны хүүхэд байдаг.


21 аймаг, есөн дүүргийн өвчтөнүүд ирдэг учир ор хүрэлцдэггүй, коридортоо өвчтөнүүдээ авдаг” гэж ГССҮТ-ийн Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах ярьж байгаа юм.



Найман сарын дотор босгосон Улсын мөрдөн байцаах газар



Шаваа тавиад 10 жил өнгөрсний дараа дахин 13 тэрбум төгрөг шаардагдаж байгаа Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлгийн барилга


УЛСЫН МӨРДӨН БАЙЦААХ ГАЗАР БА ЯАРМАГ ДАХЬ 300 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ


2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ЦЕГ-ын төв байрны дэргэд Улсын мөрдөн байцаах газрын барилгын шавыг тавих ёслол болж байв.


Анх 1938 онд ашиглаж эхэлсэн барилгыг сэлбэж зассаар эцэст нь ашиглах боломжгүй болсон гэж тайлбарладаг. Тиймээс тус байрны суурин дээр есөн давхар барилга барьж мэдүүлэг авах зориулалт бүхий 24 өрөө, хурал, сургалтын танхим, фитнесс, албаны бэлтгэлийн танхимуудтай, хурдан муудах эд мөрийн баримтыг хадгалах зориулалт бүхий хөргүүрийн агуулах, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт агуулах өрөө бүхий мөрдөн байцаах албаны ажлын онцлогт тохирсон, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан, албаны бэлэн байдлыг бүрэн хангасан байхаар зураг төслийг нь боловсруулсан гэдэг.


Барилгын гүйцэтгэгч компани нь “Билгүүн Монгол констракшн”. Хамгийн сонирхолтой нь уг барилга тухайн жилийнхээ буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийж, сайд дарга нар баярын үгс хэлэн тууз хайчилсан билээ. Нэг ёсондоо есөн давхар барилгыг наймхан сарын дотор барьчихсан хэрэг.


Найман сарын дотор барьдаг байрны дэргэд бол үеэ өнгөрөөж байгаа барилга бол Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг юм.


Жилийн жилд барилга нь царцаж 10 гаруй жилийг элээж байгаа уг барилга уг нь ашиглалтад орчихвол эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, ЭХЭМҮТ-ийн ачааллыг бууруулах том эмнэлэг босох учиртай.

Өнөөг хүртэл ашиглалтад ороогүй шалтгаан нь санхүүжилт. Улстөрчид С.Зоригийг хөнөөсөн хэргээр попордог шиг яг адилхан поп сэдэв нь энэ эмнэлэг. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй хэвээр байна.


Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас багагүй мөнгө тусгагдсан байдаг. Гэвч нь тэр нь барилгыг бүрэн дуусгахад хүрэлцдэггүй, гүйцэтгэгч компани нь ч байн, байн солигдож, төсвөө нэмсээр өнөөдөртөө золгосон.


Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Хотын дарга С.Амарсайхан барилгын ажлын явцтай танилцахад “Ажлын явц 95 хувьтай байна. 13 тэрбум төгрөг гаргачихвал ирэх онд ашиглалтад орно” гэж гүйцэтгэгч “Том бюлдинг” компанийн удирдлагууд мэдэгдлээ.



30 тэрбумаар боссон гэх Хууль зүй, дотоод хэргийн яамны өргөтгөлийн барилга


Зэргэлдээх Хавдрын эмнэлгийг нэгтгэж чадаагүй байгаа ХСҮТ


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ӨРГӨТГӨЛ БА ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ


Хууль, хүчний салбарын бүтээн байгуулалт хэр хурдтай өрнөж ашиглалтад ордгийн бас нэг жишээ бол Хууль зүй, дотоод хэргийн яамны өргөтгөлийн барилга юм. Яамны хуучин байрнаас урагш 200 орчим метрт баригдсан шинэ барилга ашиглалтад ороод удаагүй байна. Долоон давхар бүхий тус барилгын ажил бас л богино хугацаанд үргэлжилсэн.


Нийт санхүүжилтийн талаарх мэдээлэл тун нууцлаг. Олон нийтийн анхаарлын төвд өртөхөөс сэргийлсэн байж мэдэх. Албан бус мэдээллээр 30 тэрбум төгрөгийн төсвөөр баригдсан гэх.


Тэгвэл энэ барилгатай Хавдар судлалын үндэсний төвийг жиших нь зүйн хэрэг. Хавдрын өвчлөл манай улсад ямар хэмжээнд байгааг нуршиж хэлэхэд илүүц. Хавдрын эмнэлэг хар зах болсон гэх яриа зүгээр ч нэг яриа биш. Үндэсний хэмжээнд байгаа ганц дөрвөн давхар энэ эмнэлэг бүх өвчтөнүүдэд хүрч ажиллах боломжгүй болсныг аль эрт зарласан.


Тийм ч учраас өнөөдөр олон монгол хүн хавдрын өвчний сүүлийн шатанд хүрч мэддэг, түүнийгээ эмчлүүлж чадахгүйгээр хорвоог орхиж байгаа нь бодит үнэн. Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимтэй явуулъя, олон хүнд үзлэг шинжилгээ хийе, шаардлагатай мэс заслуудаа цаг алдалгүй шуурхай хийе гэхэд эмнэлгийн орчин нөхцөл, өнөөгийн хүчин чадал хүрэлцдэггүй.


Тиймээс дэргэд нь яг ийм зориулалтаар баригдсан УИХ-ын гишүүн Билэгтийнх гэгдэх Хавдрын эмнэлгийг нэгтгэе гэдгийг сүүлийн хоёр, гурван жил ХСҮТ-ийн удирдлагуудаас эхлээд олон нийт, зарим улстөрчид ярьж байв. Гэвч бас л төсөв мөнгийг нь дийлэхгүй гэх нэрээр өнөө дөрвөн давхар шар барилгадаа хавдартай монголчуудаа бөөнөөр нь чихсээр л байна.



Хэдхэн сарын дотор шинэчлэгдэж буй Тагнуулын ерөнхий газрын барилга


10 жилийн хөөцөлдсөний дараа өргөтгөл хийхээр болсон Чингэлтэйн Нэгдсэн эмнэлэг


ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БА ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ


Өвлийн улирал үргэлжилж байгаа энэ үед өргөгч кран хоёр гурваар зэрэг ажиллуулж өнөө маргаашгүй ашиглалтад орж мэдэхээр байгаа барилга бол Тагнуулын ерөнхий газрын өргөтгөл, шинэчлэлийн ажил.


Нэлээд их хэмжээний төсөв яригдаж байгаа тус барилгын ажил эхлээд удаагүй байна. Жил хүрэхгүйн хугацаанд өнгө зүсээ засаж, өргөтгөж байгаа хууль хүчний бас нэгэн барилгын жишээ энэ болж байна.


Харин тус байрнаас холгүйхэн, км гаруйхан зайд Улаанбаатар хотын төвийн дүүргийн нэг Чингэлтэй дүүргийн бүх хүнд үйлчилдэг Нэгдсэн эмнэлэг бий. Аль эрт ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус байрны умгар өрөөнд эмч нар өвчтөнүүдийг үзэж сууна. Жилдээ давхардсан тоогоор 140-150 мянган иргэнд үйлчилдэг.


“Миний мэдэхээр манайд ирсэн гурван даргын үед Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэх санаачилга яригдсан. Бараг 10 жил гэсэн үг. Өнгөрсөн 2019 онд л сая нэг улсын төсөвт барилгын төсвийн 10 тэрбум төгрөг суугдлаа” хэмээн Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эрхлэгч н.Ариунаа ярьж байна.


Тус эмнэлгийн хувьд зориулалтын бусаас гадна халдвар хамгаалалт бүрэн хийгдэх боломжгүйд хүрсэн. Сүрьеэгийн үзлэгийн тасаг гэхэд бусад тасгуудтай зэрэгцэн оршдог. Өвчтөн, үйлчлүүлэгчид битгий хэл эмч, сувилагч нар өөрсдөө халдвар авах эрсдэлтэй нөхцөлд ажилласаар иржээ.



Байсхийгээд өнгөө засдаг Улсын ерөнхий прокурорын газар



Зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг


УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР БА СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ


Өргөтгөл шинэчлэл хийж өнгө зүсээ байнга өөрчилдөг хуулийн өөр нэг байгууллага бол Улсын ерөнхий прокурорын газар. Хуучин саарал байшин эдүгээ гял цал толь шил болсон таван давхар болж өргөжжээ.


Харин зориулалтын бус барилгад бүхэл бүтэн нэг дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа бас нэг эмнэлэг бол Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн ярьснаар тус эмнэлэг зориулалтын бус барилгатайгаас гадна бүх хүмүүст хүрч үйлчлэх хүчин чадал хүрэлцээгүй.


Хууль хүчний барилгууд ийнхүү сүндэрлэсээр, эмнэлгийн барилгууд гацаж царцсаар байгаа бодит төрх ийм байна.


Б.Энхзаяа


Эх сурвалж: Өнөөдөр сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn