“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны ногдол ашиг олгоно
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Тус компани 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрджээ.
Ингэснээр 1,072 хувьцаатай иргэн 285 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэхээр боллоо. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны 4 сард олгоно.
’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор шилжүүлсэн.
Засгийн газар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг УИХ-ын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргасан. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байгаа юм.