НИТХ дахь МАН-ын төлөөлөгчид "хэлд орж" эхлэв

191

Сонгууль ойртлоо гэсэн шиг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын төлөөлөгч нар "хэлд орж" эхлэв. Хэлд орж эхэлсэн төлөөлөгч нарыг НИТХ дахь МАН-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл өнгөлж эхлээд байна. Бараг дөрвөн жил шахам дүлий дүмбэ царайлж суусны дараа "хэлд орно" гэдэг тактик юм даа.
Уг нь НИТХ дээр гал авалцсан асуудлууд өнгөрсөн хугацаанд их “боссон”.
Жишээ татвал, “но”-той ногоон автобусны асуудлыг НИТХ дахь ХҮН намын төлөөлөгч нар хөндөхөд МАН-ын төлөөлөгч нар бүлх залгисан мэт дуугүй л суусан.  Уг нь бол юу болж байна аа, өчнөөн тэрбум төгрөг гаргаж өгөөд байхад гээд жинхэнэ ам асууж, намынхнаа балбаж байх ёстой атал чимээгүй л сууцгаасан. Харин ойрмогхоноос дуу шуу орцгоосон нь сонгууль ойртсоны шинж л гэхээс өөр яалтай.
Тухайлбал, өнгөрсөн Баасан гаригт болсон НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны үеэр НИТХ дахь МАН-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Орчны бохирдлын суурь асуудал нь газрын наймаа шүү дээ. ХҮН намынхнаас эхлээд улстөржөөд байгаа. Юм болгон дээр мэргэн жараахайнууд шиг юм гарч ирээд мундаг, мундаг юм яриад байгаа. Сүүлдээ юу ярих гээд байгаа нь ойлгомжгүй байдалд орчихсон. Газрын наймааг тухайлж НИТХ дээр яримаар байгаа юм. Нийслэлийн удирдлага, НИТХ дахь төлөөлөгч нар бүгдээрээ газрын наймаачин юм шиг болчихоод байгаа. Бодит амьдрал дээр газрын наймаанаас угшилтайгаар түүн дээр олгосон төлөвлөлтгүй барилгажилт, зөвшөөрөлгүй барилга үер ус, түгжрэл, түймэр, түргэний дуудлагын хүрэлцээгүй байдал, сургууль, цэцэрлэг, зам талбайн хүрэлцээгүй байдлыг үүсгэж байгаа нь үнэн. Газрын наймаа энэ бүхний буглаа болж байгаа нь үнэн. Улаанбаатар хотын даргаас хүсэхэд  нийслэлд олгогдсон сургууль, цэцэрлэгийн газар олголтоос эхлээд Яармагт олгосон газар олголт, Цэнгэлдэх хүрээлэн орчмын газар олголт, Сурага Монголын газар олголт энэ бүхнийг ил болгомоор байна” гэсэн юм.
Сүүлийн найман жил дараалан МАН Засгийн эрх барьж буй энэ хугацаанд Монголд авлига хээл хахууль цэцэглэж, Тавантолгойн нүүрсний ордыг уул, уулаар нь зөөж, хувьдаа ашигласан асуудал яригдаж, эхнээсээ дээлээ нөмөрсөн ч бага ял авсан нь эргээд шүүмжлэл хүлээж буй.
Түүнийг дагаад энэ удаагийн 2024 оны УИХ, орон нутгийн сонгууль эрх баригч хүчин болох МАН-д хүндээр тусч мэдэхээр байгаа.  Эл асуудал МАН-ынхныг дээр дооргүй сандаргаж, 2024 оны сонгуулиар арчуулах вий гэхээс амь нь тэмцэх болсон. Тиймдээ ч УИХ, Засгийн газар газрын асуудлыг онилон УИХ-ын төвшинд нээлттэй сонсгол зохион байгуулахаар болоод байгаа. Тэгвэл  НИТХ дахь МАН-ын төлөөлөгч нар ч шударгын дүрд тоглон газрын асуудлыг хөндөж эхэлсэн нь наанадаж сонгуульд өрсөлдөхөд хэрэгтэй, цаанадаж өрсөлдөгч нараа газар олголтоор намнана гэж тооцож буйнх бололтой.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2705168/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn