Японы сансрын нисгэгчид НАСА-гийн хөтөлбөрт нэгдэнэ

159


Японы сансрын нисгэгчид Саран дээр сансрын нисгэгчдийг буулгах НАСА-гийн хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтах анхны гадаадын иргэд болно гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар лхагва гарагт мэдэгдлээ.   Өдгөөг хүртэл зөвхөн америкчууд л Сарны гадаргуу дээр хөл тавьж байсан бөгөөд энэхүү үйл явдал 50 гаруй жилийн өмнө болж байсан билээ. Тэгвэл АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ “Артемис” хөтөлбөрийг хариуцсан төлөөлөгчид 2026 оноос Сар руу дахин сансрын нисгэгчдийг илгээхээр төлөвлөж байна.

Японы Шинжлэх ухааны сайд Морияма Масахито, НАСА-гийн захирал Билл Нельсон нар мягмар гарагт хамтын зорилгоо тодорхойлсон гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Японы сансрын нисгэгчид хоёр экспедицийн бүрэлдэхүүнд багтах төлөвтэй байна. Тэд Саран дээр байх хугацаандаа Японы Сансрын агентлаг, “Тоёота Мотор” болон бусад компаниудын бүтээсэн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг хариуцах ажээ.

М.Масахито хэлэхдээ, манай улсын засгийн газар, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагууд Сарны орчинд ажиллах чадвартай аппарат бүтээхээр ажиллаж байна гэлээ. Б.Нельсон хэлэхдээ, хоёр агуу үндэстэн хамтран ажилласнаар оддод хүрч чадна гэв. Японы засгийн газрын төлөөлөгчдийн үзэж байгаагаар, уг аппаратыг судлан хөгжүүлэхэд олон зуун тэрбум иен зарцуулагдах төлөвтэй байна.

Э.Хулан
Эх сурвалж: "монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn