Нийт малын есөн хувь буюу 6.3 сая мал хорогджээ
Мал аж ахуй дотоодын нийт бүтээгдэхүүний 10.5 хувь, ажиллах хүчний 21.6 хувийг бүрдүүлдэг. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурч, 3-4 жил тутамд ган, зуд тохиож байгаа нь мал аж ахуйн салбарт томоохон сорилт хүндрэлийг бий болгожээ.
Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас нийт 45 сая толгой мал зүй бусаар хорогдсон. 2010 онд нийт малын 22 хувь хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болжээ. Энэ оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас малынхаа 70 хувийг алдсан 1521 өрх, 88 хувийг алдсан 732 өрх, 90 хувийг алдсан 326 өрх, огт малгүй болсон 380 өрх байна.