АНУ-ын улс төр дэх драма

75

АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын хувьд сүүлийн хэдэн долоо хоног драма дүүрэн байлаа. Тодруулбал, тавдугаар сарын 31-нд ерөнхийлөгч асан Дональд Трампийг хууль бус мөнгөний хэргийг нуун дарагдуулсан, татварын бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх мэт нийт 34 зүйл ангиар буруутай гэж үзсэн. Мөн одоогийн ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены галт зэвсэг эзэмшсэн хэргийн шүүх хурал өчигдөр дууслаа. Тангарагтны шүүх 54 настай Хантер Байденыг 2018 онд гар буу худалдан авч байхдаа мансууруулах бодис хэрэглээгүй гэж худал мэдүүлсэн хэрэгт буруутай гэж үзжээ.
Хоёр ерөнхийлөгч зэрэг зэрэг хуулийн драмад нэр холбогдсон ийм хэрэг АНУ-д урьд өмнө гарч байсангүй. Хууль шүүхийн шийдвэрийн өмнө Байден, Трамп нар ямар хариу үйлдэл үзүүлж буйг олон нийт, ажиглагчид онцолж байна.
Жо Байдены хувьд хүү Хантерыг яллах ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг оролдоогүй. Тэрбээр Хантер Байденыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэж мэдэгдсэн юм. Хэрэг шалгагдах явцад ч Жо Байден хүүгээ уучилж өршөөхгүй гэдгээ мэдэгдэж байв.
Конгрессын Бүгд найрамдах намын гишүүн асан Кен Бак хэлэхдээ “Ерөнхийлөгч Жо Байден хүүгийнхээ шүүх хурал, ялтай холбоотой асуудлыг зохих ёсоор шийдвэрлэсэн. Тэр аливаа маргаанаас зайлсхийж, Хууль зүйн яам маш хүнд нөхцөлд байгааг хүлээн зөвшөөрсөн. Хүмүүс энэ хэргийг хараад хууль шүүх хараат бус, шударгаар ажилласан гэдгийг ойлгож байгаа” гэжээ.
Харин нөгөө талд ерөнхийлөгч асан Дональд Трамп шүүхийн шийдвэрт илүү сүр дуулиантай хариу үйлдэл үзүүлсэн. Тэрбээр гэрч, прокурор, тангарагтны шүүгчид, шүүгчид гээд бүгдийг шүүмжилжээ. Энэ хэргийг Байдены засаг захиргаа улс төрийн өрсөлдөгчөө унагах зорилгоор хийсэн гэж Трамп үзэж буй. Мэнхэттэн дүүргийн прокуроруудын үүсгэсэн уг хэрэгт АНУ-ын Хууль зүйн яам оролцоогүй ч гэлээ Трамп гарсан шийдвэрийг “хуурамч” гэж шүүмжилсэн юм. Ардчилсан намд давамгай санал өгдөг уг хотод шударга шийдвэр гарах боломж байхгүй гэж Трамп хэлжээ.
Гэтэл Делавэр мужийн тангарагтны шүүх ерөнхийлөгчийн хүүг буруутгав. Хэрвээ Хантер Байденыг гэм буруутайд тооцоогүй бол нэг талыг барьсан тангарагтны шүүгчид хувийн үзэл бодлоор асуудалд хандсан гэж шүүмжлүүлэх байв.
Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд хууль эрх зүйн болон мөрдөн байцаах эрх мэдлээ бараг л хувийн хуулийн фирм болгон ашиглах дөхсөн гэж “CNN”-д нийтлэжээ. Ирэх арваннэгдүгээр сарын сонгуулиар Трамп ялвал өмнөхөө давтаж, түүнээсээ бараг илүү үйлдэл ч гаргаж магадгүй аж. Харин Жо Байден ерөнхийлөгчийн албан тушаалд очихдоо Хууль зүйн яамны бие даасан байдыг сэргээх амлалт өгч байв.
Хууль зүйн яаманд төвийг сахих тухай ойлголт бий. Энэхүү ойлголтыг өмгөөлөгч Дэвид Вейс бататгаж, “Шүүхийн тогтолцоог улс төрийн хортой орчинтой хольж хутгасан хоёр долоо хоног байлаа. Энэ улсад хэн ч хуулиас дээгүүр байхгүй. Хүн бүр хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэжээ.
Дональд Трамп, Хантер Байден нарын эрүүгийн ял арваннэгдүгээр сард болох сонгуульд томоохон нөлөө үзүүлнэ.
Хантер Байденаас гадна хууль шүүхээр явж буй хэд хэдэн албан тушаалтан Ардчилсан намын талд бий. Тухайлбал, Нью-Жерси мужаас сонгогдсон сенатор Роберт Менендесийг хээл хахууль, авлигын хэргээр Нью-Йорк хотноо шүүж байна. Мөн Техас мужийн төлөөлөгч Хенри Куэллар болон түүний эхнэрийг Азербайжаны төрийн өмчит газрын тосны компани болон Мексикийн банкнаас 600 мянга орчим ам.доллар авсан хэргээр яллажээ.
Ардчилсан намын төлөөлөгч Жэйми Раскин хоёр ерөнхийлөгчийн ялгааг онцолсон байна. Тэрбээр “Бүгд найрамдахчууд энэ хэргээс болоод бүхэл бүтэн улсын шударга ёс, хууль дээдлэх тогтолцоонд халдаж байна. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгчийн хүү яллагдагчаар татагдаж байхад Ардчилсан намын ганц ч гишүүнээс доромж үг сонссонгүй” гэв.
Харин Бүгд найрамдах намынхан “Хууль зүйн яам том залуу Жо Байденыг хамгаалсаар байна” гэж анхааруулжээ. Жо Байденыг дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хүүгийнхээ Украин, Хятад дахь ёс зүйн хувьд эргэлзээтэй бизнесийн үйл ажиллагаанаас ашиг олсон гэж буруутгадаг. Гэвч мөрдөн байцаалтын явцад Бүгд найрамдах намын хороо болон Төлөөлөгчдийн танхим нотлох баримт олоогүй аж.
Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон “Бид Байдены гэр бүлийн авлигын бизнесийн хариуцлагыг үргэлжлүүлэн шаардах болно” гэжээ. Майк Жонсоны хувьд Трампийг тууштай дэмжигч бөгөөд Луизианагийн Бүгд найрамдах намын гишүүн юм.
Трампийн үед Цагаан ордны дотоод бодлогын зөвлөхөөр ажилладаг байсан Стивен Миллер “Гадны нөлөөнд автсан гэх мэт 50 гэмт хэрэгт Хантер Байденыг буруутгаагүй. Тэгэхээр Хууль зүйн яам түүнд нааштай хандаж байгаагаа харуулж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn