Австрали: 16-аас доош насны хүүхэд цахим сүлжээ ашиглахгүй

28

Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглохоор төлөвлөж буйг ерөнхий сайд Энтони Албанез өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр хүүхдүүдийг электрон төхөөрөмжөөс салгаж, тоглоомын талбайд гаргахаа амлаад байна. Олон нийтийн сүлжээний хүүхэд залууст үзүүлэх нөлөөллийг тэр гай гамшиг гэж тодорхойлов.
Хүүхдүүдийн "Facebook", "Instagram", "TikTok" зэрэг платформд нэвтрэх насны доод хязгаарыг тогтоогоогүй байгаа ч 14-16 насны хооронд байх төлөвтэй байна. Чухам хэдэн наснаас эхлэн хязгаарлавал тохиромжтойг олж мэдэхийн тулд ойрын саруудад янз бүрийн арга барилыг турших аж.
Энтони Албанез хэлэхдээ "Би хүүхдүүдийг электрон төхөөрөмжөөс холдож, хөлбөмбөгийн талбай, усан бассейн, теннисний талбайд очсон байхыг хармаар байна. Бодит хүмүүстэй уулзаж, бодит туршлага хуримтлуулаасай гэж хүсч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нийгэмд хор хөнөөл учруулж буйг бид мэдэж байгаа. Энэ бол гай гамшиг. Олон залууст тулгарсан сэтгэцийн эрүүл мэндийн үр дагавар гэдгийг ч бид мэднэ. Хойшлуулсан өдөр бүр бага насны хүүхдүүд нийгмийн сүлжээний хор хөнөөлд өртөж байна. Насны хязгаарлалтыг хэрэгжүүлэх тухайд технологийн компаниудад найдаж байна" гэжээ.
Энэ өөрчлөлтийг эсэргүүцэгсэд ч байна. Тухайлбал, Квинсландын Технологийн их сургуулийн профессор Даниэл Ангус хэлэхдээ "Нийгэм дэх хэвлэл мэдээллийн нөлөөллийн талаар парламенттай хамтарсан судалгаа хийж, эцсийн тайланг гаргахаас нааш энэ өөрчлөлт нь боломжгүй. Энэ арга ядсан алхам нь хамтарсан судалгаа, хэлэлцүүлгийн ардчилсан зарчмыг алдагдуулж, залуусын дижитал ертөнцөд утга учиртай, эрүүл оролцоотой байх боломжийг хязгаарлан, ноцтой хохироож байна" гэжээ.
Харин Мельбурны их сургуулийн тооцоолол, мэдээллийн технологийн дэд профессор Тоби Мюррей "Ийм хоригийг найдвартай хэрэгжүүлэх технологи байхгүй нь тодорхой" гэжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn