ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг цагаатгасан үндэслэл!
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал /2024.12.05-06/ хоёр өдөр үргэлжилж, цагаатгаж шийдвэрлэсэн. Хурлаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан байна. Прокуророос Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Энэхүү хэлцэлд Д.Нямхүү нь оролцоогүй, харин Эрүүл мэндийн яам “ДУБ” ХХК-ийн “Philips Brilliance СТ16” загварын аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардал, өртөгт 400 сая төгрөгийг тус компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардлын төлбөрийг “ДУБ” ХХК-нд шилжүүлсэн нь цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн гэж үзэв.