Хуулиар шалгуулагчдын хоргодох байр даргын сэнтий буюу Л.Халтар Шинэ Хархорумын захирагч болов

Засгийн газрын өчигдрийн /2025.03.06/ хуралдаанаар Зам тээврийн дэд сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилов.
Популист, шантаажчдын хоргодох газар эх орон гэдэг шиг авлигатай тэмцэх газар шалгуулагчдын хоргодох байр нь даргын сэнтий болж хувирлаа. Уг нь дэд сайд асан Л.Халтарыг эхнэртэй нь хамт АТГ-аас шалгаж байгаа тухай сүржин даржин мэдээлэл 2023 оны эхээр цацагдаж байлаа.
Тодруулбал, Тээврийн компаниудад давуу байдал бий болгож, их хэмжээний авлига авсан хэргээр шүүгдсэн С.Батдөлтэй холбоотойгоор шалгагдаж байв. УБТЗ-ын хувь, хувьсгалын бүх төрлийн вагон, галт тэргийн цувааг хааш нь яаж явуулах, дарааллын урд хойно оруулах эсэхийг дарга нарын үүрэг даалгавраар гүйцэтгэдэг. Вагоны эргэлтийг хурдлуулдаг. Хаашаа ямар вагон ачуулах хуваарийг боловсруулж батлуулдаг хүн нь ЗТХ-ийн дэд сайд асан Л.Халтарын эхнэр, Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлтийн инженер Ц.Ганзул гэх эмэгтэй байдаг гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Ц.Ганзулын албанаас төлөвлөж, боловсруулан хуваарийн дагуу С.Батдөл гарын үсэг зурж баталгаажуулдаг ч гэгдэж байв.
Энэ талаар АТГ “Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа" гэж байсан ч, өнөөдөр албан тушаалд томилогдоод суулаа.
У.УЯН
https://eguur.mn/573555/