ХЭНИЙ НАМ гэхээс илүү ХЭН нэр дэвшиж байгаа нь ЧУХАЛ
Тэрний хамаатан, эгч, ах, дүү, үр хүүхэд нэр дэвшлээ гэж шүүмжилсэн агуулгатай мэдээлэл сонгуулийн жилд илүү хүчээ авдаг. Энэ жишиг өнөөдөр ч орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодрохтой зэрэгцэн шуурсан. Жишээ нь “Ерөнхийлөгчийн хүүхдүүд аавынхаа намаас нэр дэвшиж буй сонин тохиол бүрдлээ” гэнэ. Энэ бол шууд биш ч, агуулгаараа нэг төрлийн пиар. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар гэдэг хүний өрсөлдөгч талаас шидсэн чулуу. Үүн дээр бусад нь дөрөөлж нэмж хачирлан харлуулж, Э.Батшугар өөрөө хэн бэ гэдэг өнцгөөс холдуулж хэний нам, хэний хэн бэ, хэний хүн бэ гэж "жинхэнэ" хүнийг нуун далдалдаг.
Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулиар “хамгаалдаг”. Гэтэл өрсөлдөгчөө нийгэмд “муухай” харагдуулах явуургүй оролдлого хийхдээ ялгаварлан гадуурхах үзлийг нэвт шингээх болжээ.
Э.Батшугарын тухайд, Монголбанкны дэд ерөнхийлөгч байхдаа багаа сайн удирдлагаар ханган “Саарал жагсаалт”-аас улсаа аварсан “сайн” түүхтэй залуу, туршлагатай боловсон хүчин. Мөн түүний цахим банкны үйлчилгээ, АТМ-аар банк харгалзахгүй гүйлгээ хийх гэх мэт олон санаачлагатай ажлууд улс орон, нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг хангаж, амжилттайгаар хэрэгжээд явж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т Монгол Улсын иргэнийг гадуурхаж үл болох тодорхойлолтуудыг нэг бүрчлэн дурдсан байдаг. Тиймээс Н.Энхбаярын намаас нэр дэвшиж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран нэр дэвшигч өөрөө хэн бэ гэдгийг судалсны үндсэн дээр сонгогчид сонголтоо хийж гэмээ нь бодит үр дүнгээ үзэх учиртай.