Наро банчэн гэгээн: Ганц өөрийн биеэ боддог хүний сэтгэл, оюун сул дорой байдаг

535

Аминч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг.
Уур бол бусдыг хорлох сэтгэл юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог.
Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр , өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ.
Өөрөөсөө илүү бусдыг гэх сэтгэл ихсэх тусам сэтгэл амгалан ,найз нөхөд арвидаж, эв эе батаждаг.
Хүн бүрийн сэтгэлд ухаарал, энэрэл нигүүлсэл гийх болтугай!!!
Амар амгалан ,аз жаргалтай байна гэдэг сэтгэлийг хэрхэн удирдан залахаас их хамаарна.
Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө. Тиймээс ирж буй шинэ ондоо бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэлд улам суралцан сэтгэл амгалан , үйлс тань бүтэмжтэй байх болтугай!
Ганц өөрийн биеэ боддог хүний сэтгэл, оюун сул дорой байдаг. Амин хувиа хичээх үзлээр “авах” болон “харамлах” дадал зуршилтай болно. Энэ дадал зуршлын эрхээр сэтгэл атаа хорсол, айдас, шунал, уураар эзлэгддэг учраас бодит байдлыг байгаагаар харж чаддаггүй . Өөрийгөө ч бусдыг ч амгалангүй болгож зовлонд учруулах үйлийг өөрийн эрхгүй хийдэг.
Өөрөөсөө илүү бусдыг гэх хүний сэтгэл оюун хүчирхэг байдаг. Бусдыг жаргалтай байгаасай битгий зовоосой гэсэн сэтгэлээр үг, үйлдэл бусдад хорлолгүй болсноор сэтгэл нь уужуу , саруул ухаанаар бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Бусдын итгэлийг үргэлж дааж, ажил үйлс нь ч амар хялбар бүтдэг бөгөөд зовох цагт нь маш олон хүн гар сунган туслахад бэлэн байдаг. Сэтгэлийн энэ хандлага өөрт болон бусдад ч амар амгаланг өгөх нь илэрхий. Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна.
Бодит байдлыг байгаагаар нь таньж мэдэх нь чухал хэзээ нэг өдөр бид үхэлтэй нүүр тулна. Үүнийг ойлгох тусам амьдрал хийгээд аз жаргалын талаарх бидний ойлголтууд өөрчлөгддөг. Мөнх бусыг ойлгох тусам зөвхөн таван мэдрэхүйн хязгаарт баригдсан аз жаргалын талаарх хэвшмэл ойлголтууд улам бүр суларч, дотоод сэтгэлийн амар амгаланг улам бүр эрэлхийлдэг. Тэхээр цаг хором бүхнийг үнэ цэнэтэй , бодит байдлыг таньж мэдэхэд суралцан , бусдад туслаж , аз жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй !
Асуудал, бэрхшээлийн уг шалтгааныг зөв олж тогтоохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй.
Бидний өмнө тулгамдаад буй авилгал, шудрага бус байдал тэргүүтэй ёс суртахууны доройтол нь зөвхөн амин хувиа бодсон үзлээс гарч байгаа нь илэрхий байна.
Үүнийг засахын тулд дан ганц ухаалаг тархитай байгаад хангалтгүй. Ёс суртахуун, сайхан сэтгэл хэрэгтэй. Тиймээс бид боловсролын системд ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхын ашиг тусыг учир шалтгааны үүднээс тайлбарлан ойлгуулдаг сургалтын арга барилыг нэвтрүүлэхгүй л бол өнөөгийн энэ асуудал ирээдүйд ч байсаар байна.
Хүүхдэд багаас нь ёс суртахуун, сайхан сэтгэлийн ач тусыг учир шалтгааны үүднээс зөв тайлбарлан ойлгуулбал тэдний сэтгэл оюунд ёс суртахуун аяндаа бүрэлдэн тогтож, зөв бурууг ялган шийдвэр гаргаж чаддаг, бусдыг хайрлаж хүндлэдэг бие хүн болж төлөвших боломжтой болно.
Хүн бүр харилцан адилгүй үзэл бодолтой учраас бүгдээрээ ижилхэн шашинтай ч юм уу, эсвэл бүгдээрээ шашингүй үзэлтэн болох боломжгүй .
Гэвч харилцан адилгүй үзэл бодолтой ч бүгдээрээ амар амгалан , аз жаргал хүсдэгээрээ адилхан. Бусдын бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөртөө сэтгэлийн зовлон нэмэхээс цаашгүй.
Ямартай ч бидэнд юмс үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарлыг зөв, баттай таньсан мэдлэг хэрэгтэй. Үнэн баттай мэдлэггүйгээс болоод бодит байдалтай үл зохицсон буруу бодол, мухар сүсэг, амин хувиа бодсон үзэл бий болж байна. Энэ нь сэтгэлийг тавгүй болгож улмаар бусдыг хорлох зэрэг гэм ихтэй . Тэхээр зовлонг хүсэхгүй л байгаа бол буруу бодлын эсрэг баттай мэдлэг, амин хувиа бодсон үзлийн эсрэг бусдыг бодсон сайхан сэтгэл хэрэгтэй .
Буддизм бол сүсэг бишрэл төдий бус юмсын мөн чанарыг учир шалтгаан, нарийн логик шинжлэлийн үүднээс таньж мэддэгээрээ шинжлэх ухаантай ижил.
Хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршдог ч хүмүүсийн мэддэггүй байсан гадаад зүй тогтлыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр нээн илрүүлдэг шиг Буддизмийг судалснаар дотоод сэтгэлийнхээ зүй тогтлыг нээн илрүүлэх боломжтой.
Naro Banchen Khutagt San
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn