СХД: Бумбатын булгийн орчимд 510 ширхэг мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод тарих" үндэсний хөдөлгөөн Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр (2021.10.05) эхэллээ.
Энэхүү арга хэмжээг 24-р хорооны Баруун салаа Бумбатын булгийн орчимд зохион байгуулж байна. Мод тарих үндэсний хөдөлгөөн дүүргийн хэмжээнд өнөөдрөөс аравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд санхүүгийн 60 байгууллага 5000 ширхэг мод тарих юм. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаа болон мод тарих ажлыг байгууллагуудын дунд цагийн хуваарийн дагуу зохион байгууллаа.
Өдрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Үндэсний аудитын газрын дарга Ц.Ганболд нар оролцов.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ирээдүйн дөрвөн жилийн хугацаанд ногоон хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцож буй нийт байгууллагууддаа талархал илэрхийлье. Мөн та бүхний суулгасан модыг цаашид арчлан ургуулж, ногоон орчин бүрдүүлэхэд дүүргийн зүгээс онцгой анхаарах талаар хэллээ.
Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Үндэсний аудитын газар, харьяа байгууллагууд, Монгол Улсын хөгжлийн банк, Технологийн төв УҮГ болон Төрийн банкны хамт олон тус, тус 80 буюу нийт 510 ширхэг Буйлс, Гүйлс, Хайлаас, Улиас, Агч зэрэг хэд, хэдэн төрлийн мод тарилаа.