Төрийн албанд дэгдсэн цар тахал

320

Аливаа зүйлд амархан дасан зохицдог, бас ямар ч хэцүү, буруу зүйл байсан мартаж чаддаг монголчууд цар тахалд зохицон амьдарч байна. Цар тахалтай тэмцэж буй төр засгийн удирдлагууд ч дасан зохицож амьдрахаас аргагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайхан “Коронаврусийн тархалт цаашид 5-10 жил үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Тиймээс амьдралын шинэ хэв маягт шилжих, дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна” гэж хэлсэн нь үүнийг гэрчилнэ.
Уг нь УИХ-аас коронавирусийн халдвартай тэмцэх төрийн үйл ажиллагааг хялбар болгох үүднээс Коронавируст халдвар (Ковид19)-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн. Ингэж бүх боломжоо ашиглаад ч цар тахлыг зогсоож чадахгүй зэрэгцээд амьдрахаас өөр сонголтгүй болжээ. Эрүүл мэндийн салбар ч хүчээ шавхаж дууссан байна.
Төрийн албанд дэгдсэн цар тахалЭрүүл мэндийн сайд С.Энхболд
Цаашдаа коронавирусийн халдварын эмчилгээнд зориулж ор нэмж гаргах боломжгүй. Яагаад гэхээр, үүнээс цааш үлдсэн ороо коронавирусийн халдвартай хүмүүст зориулбал эрүүл мэндийн салбарын үндсэн тусламж үйлчилгээ алдагдана. Жирэмсэн эх, гэмтэл авсан иргэд, хүүхэд, халдвартай иргэд гээд заавал хэвтүүлэн эмчлэх шаардлагатай хүмүүс олон. Зочид буудал, тусгаарлах байранд ор дэлгэж болно. Гэвч тэнд ажиллах хүний нөөц алга.
Эрх баригчид Цар тахлын үеийн онцгой хууль баталсны нэг шалтгаан нь шаардлагатай үед эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албанд ямар нэгэн шалгуургүйгээр хүн авч ажиллуулах явдал байсан юм. Тиймээс уг хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэсэн заалт оруулсан. Зөвхөн цар тахалтай тэмцэх ажилд хүн хүч дутагдсан тохиолдолд төрийн үйлчилгээний албанд хэн нэгнийг ямар нэгэн шалгуургүйгээр сонгон ажиллуулах зорилготой гэсэн үг. Гэвч өнгөрсөн хугацаанд хуулийн энэхүү зохицуулалтыг төрийн захиргааны байгууллагад дарга томилоход ашигласаар ирлээ.
Цар тахал цар хүрээгээ тэлж олон хүний сурч боловсрох, хүссэн газартаа зорчих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол эсрэгээрээ зарим хүмүүст ямар нэгэн шалгуургүйгээр төрийн албанд орж ажиллах, даргаар томилогдох алтан боломж олгов. Цар тахалтай тэмцэх ажилд зориулан баталсан хуулийг төрийн албанд чадвар, туршлагагүй этгээдийг даргаар томилоход ашиглаад  жил гаруйн хугацаа өнгөрлөө.
Энэхүү хуулийг анх 2020 он дуустал хэрэгжүүлэхээр баталсан ч цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгааг шалтгаан болгон хоёр ч удаа сунгахдаа төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийх заалтыг нь хасаагүй. Уг хуулийг энэ он дуустал хэрэгжүүлнэ. Нөхцөл байдал дээрдэхгүй бол хугацааг нь сунгах ч магадлалтай. Энэ хүртэл эрх мэдэл бүхий албан тушаалтнууд намдаа зүтгэсэн, сонгуулиар өөрт нь зүтгэсэн, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутгийн ах дүүгээ албан тушаалд томилох хүслээ энэ хуулиар халхавчлан гүйцэлдүүлсээр байх нь. Хууль батлан хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш төрийн албанд ажиллах чадварлаг мэргэжилтнийг сонгон шалгаруулах, төрийн албанд хяналт тавих үүрэгтэй Төрийн албаны зөвлөл “ажилгүй” болов.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа эхэлсэн сонгон шалгаруулалтгүй томилгоо, Засгийн газарт огцорч, дараагийн Засгийн газар байгуулагдахад дахин идэвхижсэн. Төрийн албаны хамгийн дээд албан тушаал болох төрийн нарийн бичгийн даргаар төрийн албанд 16 жил ажилласан хүнийг томилох ёстой. Гэтэл цар тахлын хуулийг ашиглаж төрийн албанд мэргэжилтэн, хэлтсийн даргыг шургуулж эхэлсэн эрх баригчид төрийн нарийн бичгийн даргыг ч энэ зарчмаар томилж эхлэв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр цар тахлын хуулиар 23 агентлагийн дарга, зургаан яамны Төрийн нарийн бичгийн даргыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилоод байгаа аж.
Цар тахлаар халхавчилсан сонгон шалгаруулалтгүй томилгоо хэвийн үзэгдэл болсон нь үүнээс харагдаж байна. Үүнд хяналт тавих ёстой Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Засгийн газар цар тахлын хуулийн дагуу томилгоо хийж байгаа. Ямар томилгоо хийх гэж байгаагаа манайд мэдэгддэггүй. Төрийн нарийн бичгийн даргын томилгоо л гэхэд олон шалгууртай. Гэвч цар тахлын хуулийн дагуу томилж байгаа гэдэг үндэслэлээр ямар нэгэн шалгуур тавихгүй байна. Ер нь цар тахлын хуулиар шалгуургүй томилгоо хийж байгаа нь төрийн албаны нэр хүндийг унагаж байна. Орон даяар ийм томилгоо хийж байгаа нь хэтэрхий хавтгайрсан үйлдэл болчих гээд байна” гэдгээс өөр хэлэх үггүй сууж байна.
Хамгийн гол нь цар тахлын хуулиар халхавчлан хэчнээн хүнийг төрийн албанд томилсон тухай нэгдсэн мэдээлэл байхгүй. Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гэх мэт томоохон албан тушаалтнуудын томилгооны мэдээлэл л ил бий. Үүний цаана хэчнээн хүнийг томилсон нь тодорхой бус. Статистик мэдээллээс харвал төрийн захиргааны албан хаагчдын тоо жилд дунджаар 400 хүнээр нэмэгддэг байна. Харин өнгөрсөн 2020 онд энэ тоо 6886-гаар нэмэгджээ. Үүнд цар тахлын хуулийн дагуу сонгон шалгаруулалтгүй хийсэн томилгоо нөлөөлсөн бололтой. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд цар тахлын хуулиар далимдуулан төрийн албанд ямар ч сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж буйг эсэргүүцэж байгаа илэрхийлсэн.
Төрийн албанд дэгдсэн цар тахалУИХ-ын гишүүн Б.Энхбаяр
Цар тахлын хуулийн дагуу төрийн албанд ямар нэгэн шалгуургүйгээр томилогдсон хүмүүс энэ хууль хүчин төгөлдөр бус болсон өдрөөс ажилгүй болно. Тиймээс энэ хүмүүсийг ажилтай байлгахын тулд хуулийн хугацааг сунгасан. Энэ хуулийн хэрэгжих хугацаа дууссан даруйд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон хүмүүс шууд ажлаасаа чөлөөлөгдөх ёстой.
Энэ мэтээр цар тахалд зориулсан хуулийн хэрэгжилтэд санаа зовж байгаа олон гишүүн байгаа ч тэд өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийсэнгүй. Одоогийн байдлаар сонгон шалгаруулалтгүйгээр хэчнээн хүнийг төрийн албанд томилсон бэ гэдгээр Засгийн газарт хандаж асуулт, асуулга тавьсан нэг ч гишүүн алга. Харин эсрэгээрээ улс төрийн албан тушаалтны томилгоонд шаардлага тавьдаг болох тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар өргөн барьсан. Зүй нь бол улс төрийн албан тушаалтан бус төрийн албаны томилгоонд анхаарлаа хандуулах цаг юм. Учир нь, төрийн алба сонгон шалгаруулалтгүй, ямар ч босгогүй болж тэнд жинхэнэ цар тахал дэгдээд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn