Руандагийн геноцидын сүүлчийн гэм буруутнуудын нэгийг Парист баривчилжээ

368
1994 онд Африкийн Руанда улсад болсон томоохон геноцидын сүүлчийн гэм буруутнуудын нэг Фелисен Кабуга өчигдөр Парис хотод баривчлагджээ. Нэг үе Руандагийн хамгийн баян хүнд тооцогддог байсан 84 настай Кабуга хуурамч нэрээр Парисын захын дүүрэгт амьдарч байсныг Францын цагдаа нар олж илрүүлсэн байна. Тэрбээр 25 жилийн турш хууль шүүхээс зугтаж явсан юм. 1994 онд Руандад болсон геноцидын үеэр Хуту үндэстний экстремистүүд 100 хоногийн дотор 800,000 орчим Туци гаралтай хүнийг хоморголон хяджээ. Кабуга нь аллагыг хэрэгжүүлсэн зэвсэгт бүлэглэлийг байгуулж, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байсан юм. Руандагийн прокурорууд Кабугагийн компани мачет (урт хутга) их хэмжээгээр гадаадаас импортлож байсныг батлах санхүүгийн бичиг баримтуудыг нийслэл Кигали хотоос олж байв. Мачет нь геноцидын үед ашиглагдсан гол зэвсэг байжээ.
Кабуга нь бас Хуту хүмүүсийг аллага үйлдэхэд уриалсан суртал нэвтрүүлгийн радио, телевиз ажиллуулж байсан юм. Тэрээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд Кени, Конго, Швейцарь, Бельги, Герман зэрэг улсуудад дүрвэн амьдарч байжээ. Хамгийн сүүлд Парис хотод 3-4 жил амьдарсан байна. АНУ-ын төрийн департмент Кабуга хаана байгаа талаар мэдээллийг $5 саяар худалдаж авах болзол зарлаж байжээ. Одоо Руандагийн геноцидын гол санхүүжүүлэгч Кабуга олон улсын шүүхээр шийтгүүлэх нь тодорхой болоод байна. Геноцидын сэдэв Франц-Руандагийн харилцааг хөгжихөд гол саад болж байсан асуудал юм. Руандагийн ерөнхийлөгч, Туци үндэстэн Пол Кагаме геноцид үйлдсэн этгээдүүдийг Франц улс өмгөөлөн хаацайлж, улс орондоо орогнуулж байна хэмээн шүүмжилж байжээ. Өнгөрсөн онд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн улсын архиваас энэхүү геноцидын түүхтэй холбоотой баримтуудыг цуглуулах мэргэжилтнүүдийн багийг байгуулснаа зарласан байна. 

Р.Төмөр 
Эх сурвалж: AFP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn