Сонгинохайрханчуудын итгэлээр их хуралд суусан Н.Учрал "элит"-ийн гэгдэх Сүхбаатар дүүрэг рүү урвав уу

471
Н.Учралыг Сонгинохайрханчууд өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар мөн ч их бөөцийлж, бөмбөрүүлж Их хуралд гаргасан даа.  Гуч гаруйхан настай, цэл залуухан байхдаа нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэгт нэр дэвшихэд нь Сонгинохайрханчууд нас залуу, туршлага бага гэж гадуурхалгүй, гололгүй залуу хүний мэдлэг боловсрол, хичээл зүтгэлийг нь үнэлж, төр төлөөлүүлэх эрхээ түүнд өгч байлаа.

        Улмаар хоёр дахь удаагийн сонгуулиар 53 мянган иргэн Н.Учралд саналаа өгснөөр энэ удаагийн парламентын хамгийн их санал авсан гишүүнээр онцгойрч, тодорч байв. Хүн амын нягтаршлаараа дээгүүр бичигддэг тус дүүрэг ядуурал, ажилгүйдлээрээ ч тэргүүн эгнээнд жагсдаг нь нууц биш юм. Хийж бүтээх, тордож, додомдох ажил тус дүүрэгт бишгүй бий гэсэн үг. Тэрбээр хоёр дахь удаагаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихдээ  "Сонгогчдоороо ажлаа дүгнүүлэхээр тойргоо солилгүй нэр дэвшиж байна" гэх үгийг уриагаа болгож, хамгийн их саналыг авсан түүхтэй.
       Сонгуулийн сурталчилгааны үеэр тойрогтоо хэрэгжүүлсэн ажлаа дурдахдаа “2018-2019 онд өөрийн сонгогдсон тойрогт Согтуу монголоос Саруул монгол төсөл хэрэгжүүлж, 60 гаруй хүнийг нийгэмшүүлсэн хэмээн дурдсан нь” олны дургүйцлийг хүргэж байв. Улмаар өнгөрсөн жилийн өдийд тойргийн сонгогчдодоо  ул боов тараасан нь цахим орчинд багагүй маргаан өрнүүлж, шүүмжлэл дагуулсан удаатай. Үндсэндээ тэрбээр тус дүүрэгт Их засаг гэх бүхэл бүтэн “Вант Улс” бий болгож, сонгогчдын дэмжлэгийг авдаг гэх нь ч бий. Түүний хувьд Их хуралд орж ирээд удаагүй байхдаа ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт нэр холбогдсон хар түүхтэй. Баян айлын  “Хун тайж” гэх хочит Н.Учрал хөрөнгө оруулалтын мэдүүлгээрээ Их хуралд дээгүүрт бичигддэг. УИХ-ын гишүүн Н.Учрал 3.5 тэрбум төгрөгийн орон сууц, 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн ХОМ-тээ тусгасан нь хамгийн их хадгаламжтай гишүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг. Мөн тэрбээр  “Рояаль академи” ХХК, “Төв азийн залуу эрдэмтдийн холбоо” ТББ, “Медиа порт телевизүүдийн консерциум” ТББ, “Монголын рояаль академи” ТББ, “Монголын франчайзинг хөгжлийн ассациаци” ТББ, “Монголын залуу багш нарын йэс монголиа холбоо” ТББ, “Наян зургаа дөрвөн зуу” ТББ, “Эвергрийн лайф” ХХК, НАМЗХ-т тус бүр хувьцаа эзэмшдэг.
   Ийн Сонгинохайрханчуудын итгэлийг хоёр удаа хүлээсэн Н.Учрал өдгөө “давхар дээл”-тэй сайд болтлоо дэвшиж, ЦХХХ-ны яамыг тэргүүлж буй. Сайд болсон даруйдаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан ч, олны шүүмжлэлд өртөөд буй. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зүйл заалт тусгасан хэмээн шүүмжлүүлээд буй. Улмаар тус хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар хуулийн төсөл хэрэгжих хугацаа түр зогсож, Их хурлаар дахин хэлэлцүүлэх дээрээ тулаад байна. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулиараа олны хараанд өртөөд байсан Н.Учрал гишүүн ирэх сонгуульд тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт хүч үзэхээр бэлтгэж эхэлсэн бололтой.
       Түүнийг өчигдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар томилж, тойргийг нь тодорхойлж өглөө. Тус дүүргийг намын хороог Тавантолгой түлш компанийн захирал асан М.Ганбаатар ахалж байсан бол тэрбээр Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд болж, тушаал дэвшсэнээр түүнийг намын хорооны даргаас чөлөөлөөд буй.

        Сүхбаатар дүүргийг хэзээнээс “элит”-ийн гэх тодотгол дагалдаж, сонголт нь ч сөөлжиж, ширүүхэн өрсөлдөөн өрнөдөг. Хотын төвийн ил дүүрэгт намууд ихэвчлэн улс төрд “том” гэснийгээ өрсөлдүүлдэг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Өөрөөр хэлбэл, 1992 оны сонгуулиас хойш тус дүүрэгт хоёр намын төлөөлөл сөөлжиж сонгогдож байсан нь үе үеийн сонгуулийн дүнгээс тодорхой харагддаг.

        Тухайлбал, 1996 оны сонгуулиар Сүхбаатар дүүргийнхэн Лу.Болд, Ц.Энхтүвшин, Б.Дэлгэрмаа буюу АН-ын гурван гишүүнд итгэл хүлээлгэж байсан бол 2000 онд эсрэгээрээ эргэж, МАХН-аас нэр дэвшсэн А.Базархүү, Д.Мөрөн, Н.Гэрэлсүрэн нар төвийн дүүргээс парламентад суусан түүхтэй.
       Харин 2004-2008 онд “Эх орон-Ардчилал” эвслийн Лу.Гантөмөр, тухайн үеийн МАХН-ын Нарийн бичгийн дарга Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар сонгогдож, тус дүүрэг улаан, цэнхэр хоёр алагласан бол мөн дараагийн удаагийн сонгуульд нь С.Баяр, Лу.Гантөмөр, Сү.Батболд нар сонгогдож байсан. 2012 онд тус дүүрэг хоёр мандаттай болж, Р.Амаржаргал, Лу.Гантөмөр нар ялалт байгуулж байлаа. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид дараалан ялалт байгуулж, гурван мандатаа хоёр удаа батлаад буй. Тодруулбал, 2016 оны оны сонгуульд МАН-аас Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Цогзолмаа нар нэр дэвшиж ялалт байгуулсан бол, 2020 онд Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар дэвшиж, ялалт байгуулаад байна.
        Харин орон нутгийн сонгуульд Ардчилсан нам хоёр удаа ялалт байгуулж, доод шатандаа дүүргээ баздаг. Тиймдээ ч МАН доод шатны сонгуулиа ч өөрсдөө мэдэлдээ авахаар парламентын туршлагатай гэгдэх гишүүдээ илгээдэг нь нууц биш.
        Энэ удаад Н.Учралыг тус дүүрэгт томилсныг харахад МАН хуучин гишүүдээ “явуулж”, шинэ гишүүдээр “цус сэлбэх” нь тодорхой болсон бололтой. Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Мөнх-Очир, Б.Цогтбаатар нар УИХ-д чамгүй олон жил суусан Сү.Батболдын фракцаас урдаа барьдаг гишүүдийг нэг билээ. Үндсэндээ Н.Учрал ирэх сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшвэл хуучин гишүүд нь халаагаа тавьж өгнө гэсэн үг.

https://ergelt.mn/news/35/single/30175
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn