Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сайжруулна

188



Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан урсгал зардалд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлын төсвийг тусгасан. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хотын голлох гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн байгалийн боржин чулуугаар тохижуулахаар төлөвлөж, тайлант онд 45.6 тэрбум төгрөг тусгуулахаар НИТХ-д өргөн барьсан юм.

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталсан. Төслийг батлахдаа НИТХ дахь МАН, АН, ХҮН-ын бүлгийн саналыг тус бүрчлэн хэлэлцсэн.

Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс явган хүний зам, талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр, АН-ын бүлгээс 20 тэрбум төгрөгөөр, ХҮН-ын бүлгээс 30.4 тэрбум төгрөгөөр бууруулж батлуулахаар санал дэвшүүлсэн. Намын бүлгүүд болон хороодын саналыг хэлэлцэж, явган зам талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр бууруулан, уг ажилд 35.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тогтоолын төслийг баталлаа.

Ийнхүү Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуун хийцлэлтэй болгох ажлыг энэ жилээс эхлүүлэх юм. Энэ хүрээнд хөнгөлөлттэй үнээр боржин чулуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгүүлнэ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn