МАНАЙ ХОТЫН АСУУДАЛ I Хөлийн голд хөл алдагсад

183

Хаврын сар дундаа орлоо. Эрхгүй ирж яваа цаг юм гэсэндээ байгаль дэлхий цагаан нөмрөгөө алгуурхан тайлж буй эмэгтэй шиг өдөртөө бага багаар цасаа хайлуулж байна. Харин шөнө орой эргэж хөлдөөд мөс болчих юм. Хөдөөд хүйтэн зутруу л байгаа. Хот, суурин газруудад ч шар усны үертэй байна. 
 
Зургаан аймгийн 20 суманд төмөр зудтай хэвээр
 
Одоогоор  зургаан аймгийн 20 суманд мөсөн буюу төмөр зудтай, 16 аймгийн 85 суманд цагаан зудтай, 12 аймгийн 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудархуу байгаа аж. Баянхонгорын Хүрээмарал, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Бөмбөгөр, Булганы Дашинчилэн, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дорноговийн Иххэт, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Түвшинширээ, Түмэнцогт, Дарьгангад нягт цастай, мөсөн зудтай байгаа аж.
Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Ховд, Тариалан, Наранбулаг, Ховдын Алтай, Үенч, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэлмэн, Отгон, Асгат, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Жаргалант, Хангай, Цахир, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгийн Мандал, Баруунбүрэн, Орхонтуул, Түшиг, Баянгол, Төвийн Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Архуст, Сэргэлэн, Баянжаргалан, Зуунмод, Дорноговийн Айраг, Дэлгэрэх, Даланжаргалан, Говьсүмбэрийн Шивээговь, Баянтал, Сүмбэр, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Норовлин, Биндэр, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Галшар, Сүхбаатарын Онгон, Баяндэлгэр, Дорнодын Матад, Баянтүмэн, Цагаан-Овоо, Хэрлэн, Булган, Халхголд зузаан цастай, цагаан зудтай байгаа юм.
 
Баянзүрх дүүргийн XI хороо шар усны үерт өртөв
 
Хөдөөд өвөл нь зуд болоход хавар нь төв, суурин газар шар усны үер буух магадлалтай байдаг гэнэ. Учир нь уулын цас хайлж буухдаа хуримтлагдсан цас, голын мөстэй нийлж эргээ халин урссанаас шар усны үер болж, ойролцоох суурьшлын бүс, зуслан, гэр хорооллын муу устай холилдон тэр гэхийн тэмдэггүй их ус зарим газарт гол горхи шиг урсаж байна. Ийм эрсдэлд дийлэнхдээ нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд өртөж байгаа юм. Шар усны үерийн эрсдэлтэй байршлууд нь ч тодорхой, зарим газарт хэдийн нөхцөл байдал хүндрээд байна. Тодруулбал, нийслэлийн 34 хорооны 1306 өрх шар усны үер буух магадлалтай, өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа аж. Одоогоор нийслэлийн 10 байршилд шар усны үер бууж, их хэмжээний ус тогтоод байгаа. Тахилт, Яармаг, Хонхор, Дарь-Эх зэрэг байршилд цас, мөс хайлан ус тогтож, зарим байршилд айлын хашаа байшин, гэр усанд автагджээ. Баянзүрх дүүргийн XI хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашаа шар усны үерт өртөөд байгаа юм. Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын орчимд хоёр метр өргөн, 600 метр урт суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүлжээ. Ингэснээр тухайн байршилд буй 30 гаруй айл өрхийн шар усны үерт өртөх эрсдэлийг бууруулсан. Мөн зайлшгүй шаардлагатай найман айлыг нүүлгэн шилжүүлж, хоёр өрхийн найман иргэнийг “Шижир” амралтын газарт шилжүүлэн байрлуулаад байгаа юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн орчимд тогтсон усыг хоёр автомашинаар соруулж, 40 гаруй тонн усыг зөөвөрлөжээ. Хонхор өртөөний төмөр замын нүхэн гарцаар шар усны үерийн ус урсаж иргэд, оршин суугчид явган болон суудлын автомашинтай зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул сэрэмжтэй байхыг иргэдэд анхааруулжээ, холбогдох байгууллагууд.
Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрсдэл бүхий 21 хорооны нийт 3780 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зөвлөмж, сэрэмжлүүлгийг өдөр бүр хүргэж байгаа гэнэ.
 
“Хаврын тэнгэр хартай”
 
Ойрын өдрүүдэд цаг агаар цэлмэж, тэнгэр хангайн ааш засрах шинжгүй. Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулан сэрэмжлүүлж буйгаар бол нутгийн зарим хэсгээр маргаашаас хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурах, хур тунадас орох төлөвтэй аж. Баруун, төвийн аймгуудын зарим нутгаар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах юм байна. Өнөөдрөөс баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Маргааш нутгийн зүүн хагаст, нөгөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орох төлөвтэй.
Салхи өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш нутгийн зарим газраар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, гуравдугаар сарын 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэн нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 хэм, өдөртөө -5-10 хэм, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 хэм, өдөртөө 0-5 хэм байна. Эндээс харахад, урин цаг ирж байгаа хэдий ч “хаврын тэнгэр хартай” гэгчээр хэсэгтээ цаг наашилж дулаарахгүй шинжтэй. Тиймээс малчид сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй нь. 
Г.Ганчимэг
https://news.zindaa.mn/4twq
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn