Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

192


С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэргийг үйлдсэн этгээдүүдэд шүүх ял шийтгэсэн. Гэвч 2019 оноос хэргийн үйл явц огт өөрөөр эргэсэн. Эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгэсэн болж таараад, хууль хяналтын байгууллагын ажилтнууд дээрх асуудлаар шийтгүүлсэн. Улмаар С.Зоригийг хөнөөсөн гэгдэж байсан этгээдүүдэд холбогдох хэргийг 2021 онд шүүх хүчингүй болгосон. Дараахан нь ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шинээр байгуулагдсан.
Түүнээс хойш өрнөсөн үйл явдлууд олны нүдэн дээр өрнөж байна. Хамгийн сүүлд 2024 оны тавдугаар сарын 17-нд ЦЕГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтуудыг АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн үр дүнгийн талаар мэдээлэв.
Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр “Эрүүгийн 830, 142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлэв.
Эндээс “Өнгөрсөн 26 жилийн турш гарч ирээгүйнотлох баримт яагаад гэнэт ил болов оо”, “Ийм удсан үсийг шинжилж дүгнэлт гарах боломжтой юу” гэсэн асуулт гарч ирж байна. Тэгж яригдаж байна.
Тэгвэл өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг гол нотлох баримт болж буй гэх үс нь “Уг байхгүй” гэдэг шалтгаанаар ямар нэг шинжлүүлдэггүй байжээ. Гэвч технологи шинэчлэгдэж тийм үсийг шинжлэх боломжтой болсноор манай талаас хавтаст хэрэгт байсан арваад ширхэг үсийг АНУ-ын Виржиниа муж дах нэгэн томоохон лабораторид шинжлүүлэхээр 2023 оны тавдугаар сард ярьж тохирчээ. Энэ дагуу гурван сарын өмнөөс шинжилгээг эхлүүлж, дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Түүгээр өнгөрсөн хугацаанд энэ хэрэгт сэжиглэгдэж шалгагдсан бүх хүний ДНХ хэргийн газраас олдсон үснийхтэй тохироогүй байгаа юм. Харин мөрдөгчид шинжилгээгээр илэрсэн ДНХ буюу үсний эзэн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгааг ЦЕГ-аас өгсөн дээрх мэдээлэлд дурджээ. Өөрөөр хэлбэл, хэргийн газраас олдсон үс 25 жил хавтаст хэрэгт “хэвтсэн”-ий эцэст хэнийх болохыг нь тогтоох боломжтой хэргийн гол нотлох баримт болж хувирчээ.
 
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 100 (7344)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn