Налайх, Багахангай, Сонгинохайрхан дүүргийн хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн асуумж эрсдэлтэй гарчээ

51

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан хүн амын их өгөгдөлд эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан баг мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээ хийсэн талаар  хэлэлцжээ.
Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал болон зарим үзүүлэлтийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор Т.Болормаа дараах байдлаар танилцуулав. 

"Ахлах ангийн хүүхдүүдийн 12.5 хувь нь харааны өөрчлөлттэй байсан"



Монгол улс анх удаа хүүхдүүдээ эрт илрүүлэгт хамруулсан. 
Хүүхдийн эрт илрүүлэгт 2022 оны тавдугаар сарын 3-наас 2023 оны есдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл есөн сартайгаас 18 насны 578,473 хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл хамрагдалт 47 хувьтай байгаа юм.
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн ерөнхий үзүүлэлтийг авч үзэхэд төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд 0.6 хувь байсан. 
Есөн сартай хүүхдээс таван нас болон 6-17 нас гэсэн насны бүлэгт асуумж, бие бялдрын үнэлгээ, өрх, сумын эмчийн ерөнхий үзлэг болон дөрвөн эрсдэлт хүчин зүйлийг тодрууллаа. 
  • 18 хүртэлх насны хүүхдийн 5.6 хувь
  • Бага ангийн хүүхдийн 2.1 хувь
  • Дунд ангийн хүүхдүүдийн 7.5
  • Ахлах ангийн хүүхдүүдийн 12.5 хувь нь харааны өөрчлөлттэй гэх үр дүн гарсан байна.
Амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой ганц зүйлийг тодруулж хэлье. 
  • 1-17 настай хүүхдүүдээ багцалж авч үзэхэд шүд цоорох өвчний тархалт 7-8 настай хүүхдүүдийн дунд хамгийн өндөр
  • Сүүн шүд ясан шүдээр солигдох холимог зуулттай үед цоорол хамгийн өндөр тохиолдож байна.
Хүүхдийн эмчийн үзлэгийн үр дүн:
  • Амьсгалын тогтолцооны эмгэг хэвийн бус гэж үнэлэгдсэн нь 0.6 хувь
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өөрчлөлт 0.8 хувь
  • Шээс бэлгийн тогтолцоо 1.1 хувь байгаа юм.
Түүнчлэн арьсны эмгэг өөрчлөлт, тууралт:
  • 0-5 настай хүүхдүүдийн 0.8 хувь 
Харааны үзлэг:
  • 6-17 насны хүүхдүүдийн 5.6 хувь нь харааны өөрчлөлттэй байна.
Сонсголын үзлэг: 
  • 0-6 насанд 0.1 хувь нь сонсголын өөрчлөлттэй.
  • 6-17 насанд 0.3 хувь нь сонсголын өөрчлөлт илэрч байна.
Эмчийн үзлэгээр 0-5 настай хүүхдүүдийн 2.1 хувь, 6-17 насны хүүхдийн 3.3 хувьд нь чих, хамар, хоолойн эмгэг илэрсэн байна.
Чих, хамар, хоолойн эмгэгийг илэрсэн байдлаар бүтцээр харвал гүйлсэн булчирхайн үрэвсэл 68.9 хувьтай. Үүний дийлэнх нь ээнэгшилгүй хэлбэр гэж эмч нар оношилсон.
Мөн
  • чихнээс булаг гарах 26.6 хувь
  • хамрын эмгэг 2.2 хувьтай илэрсэн.
Хоолой залгиурын өөрчлөлт ийм өндөр хувьтай илэрнэ гэж таамаглаагүй байсан. Энэ нь шүд цооролтойгоо ямар хамааралтай байгааг үзэхэд шүд цоорсон хүүхдүүдийн дийлэнх нь хоолой залгиурын үрэвсэлтэй, эсрэгээрээ хоолой залгиурын үрэвсэлтэй хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчтэй байжээ.
Эрт илрүүлэгт хамрагдсан 0-5 насны хүүхдүүдийн хөдөлгөөн, хэл яриа, нийгэмшихүй, танин мэдэхүйн хөгжлийг 9,10, 36, 48, 60 сартайд нь есөн сарын давтамжтайгаар үнэлсэн. Үүнээс үзэхэд нийт хүүхэд насныхаа бүлгээр янз бүр байна.
  • 4-11.7 хувьд нь хөдөлгөөний хоцрогдол
  • 1.6-8.8 хувь нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол
  • 2.8-6.2 хувь нь нийгэмшихүйн үнэлгээний эрсдэлтэй.
Нийт хүүхдийн 21.9 хувь нь танин мэдэхүйн хөгжлийн хоцрогдлын эрсдэлтэй гэх эрсдэлийн үнэлгээний үр дүн гарсан.
Тав хүртэлх насны хүүхдийн хөдөлгөөн, хэл яриа, нийгэмшихүй, танин мэдэхүйн хөгжлийн эрсдэлийн хувийг хот, орон нутгаар харьцуулахад ялгаа ажиглагдаагүй.
Мөн хүүхдийн бие бялдрын үнэлгээг хийсэн. Эрт илрүүлэг эхлэх үед өндөр, биеийн жингийн индексийг эхнээс нь гаргаж цахимдаа оруулсан.
  • 0-5 насны хүүхдүүдийн 2.5 хувь нь тураалтай, 17.9 хувь нь илүүдэл жин, таргалалттай байсан бол 2.7 хувь нь хоол тэжээлийн хурц дуталтай.
  • 6-17 насны хүүхдүүдийн 1.7 хувь нь тураалтай, 8.8 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. 
Магадгүй 20 жилийн өмнө зөвхөн хоол тэжээлийн цочмог дутал, тураал хүүхдийн эмч нарын асуудал байсан бол нөгөө талдаа өнөөдөр илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэл эрэгтэй, эмэгтэй хүйсэнд ижил гарч байна
Илүүдэл жин, таргалалт гэдэг бол насанд хүрсэн хойноо чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжийн эрсдэл үүсэх магадлалтай гэсэн үг. 
Бид 6-17 настай хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээг зургаан нас, 14 насанд нь асуумжийн аргаар судалсан. 
Нийт 75,404 хүүхэд энэхүү асуумж судалгаанд хамрагдсан байна. Судалгааны үр дүнгээр сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг нь үнэлбэл 73 хувь нь "хэвийн" гэж үнэлэгдсэн.
Харин
  • 15.9 хувьд нь "заагтай" 
  • 11.1 хувь нь "эрсдэлтэй" үнэлгээ гарсан байгаа.
Хүйсийн хувьд онцгой ялгаа харагдаагүй. Нэгдсэн байдлаар дүгнэж хэлэхэд есөн хүүхдийн нэгд нь сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэл илэрч байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуумжийн хүн ам зүйн ерөнхий үзүүлэлтийг авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүйсэнд онц ялгаа байхгүй. Гэхдээ Улаанбаатар хотод эрсдэлийн хувь өндөр гарсан.
Улаан шугамаас дээш байгаа дүүргүүдийг харвал:
  • Налайх
  • Багахангай
  • Сонгинохайрхан дүүргүүдэд нэлээд өндөр хувийн эрсдэл тодорхойлогдсон байна.
Зургаан насанд эмэгтэй хүүхдүүдэд зан үйлийн өөрчлөлтийн эрсдэл илүү илэрч байгаа бол 16 насанд зан үйл болон анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтэй болох, үе тэнгийнхний харилцааны асуудал, нийтэч биш зан өндөр хувьтай гарлаа. 
Эх сурвалж: ЭМЯ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn