Үнс хольсон цементийн наймаачид “ДЦС-4”-өөс “түүхээ эд”-ээ авч байжээ

337

Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, иргэдийг төөрөгдүүлэн худалдаж байсан хүмүүсийг цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлсэн талаар өнгөрсөн өдрүүдэд цахим мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн XX, Баянгол дүүргийн XXIV хорооны нутагт гурван хүн ийм хууль бус зүйл хийж байсныг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлснийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Ингэхдээ “Одоогоор 70 орчим тн цемент хураан аваад байна.Цаашид савласан цементийн хэмжээ нэмэгдэж ч магадгүй. Цахилгаан станцаас үнс гаргах тусгай журамтай байдаг. Гэтэл энэ хүмүүс хэрхэн олж авч, иргэдэд хохирол учруулсныг тогтоохоор нарийвчилсан шалгалт үргэлжилж байгаа” гэсэн билээ.
Бидэнд олдсон мэдээллээр энэ хэргийг О.Мягмарсайхан, Ж.Даваацэцэг, С.Оюунзул тэргүүтэй гурван бүлэг этгээд өдүүлж байжээ. Иргэдээс цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад болон дээрх хүмүүсийн барааг борлуулсан ченжүүдэд хандан “Барилгад ашиглахаар “Гурвалжин”-гийн барилгын материалын захаас авсан цементээр зуурмаг зуурч цутган, 7-10 хонож байхад хатахгүй, хөхөрчихөөд байна. Хуурамч юм биш биз дээ” гэсэн гомдол, мэдээлэл ирсний дагуу шалгаснаар эл гурван хүний бүлгийнхнийг илрүүлсэн гэнэ. Тэд МАК ХХК-ийн болон Хятадад үйлдвэрлэн гаргадаг, 50 кг-аар савласан цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж хэрэглэгчдийг хуурч, мэхэлж байсан юм. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн XX хороонд нууцаар хоёр, Баянголын XXIV хороонд нэг үйлдвэр ажиллуулж байсан гэнэ. Тэнд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд нэгжлэг хийж, хэрэгт хамтран оролцож байсан дээрх гурван хүний хамсаатнуудыг саатуулсан аж. Улмаар дээрх гурван үйлдвэр болон “Гурвалжин”, “Орбит” зэрэг худалдааны төвийн цементийн бөөний цэгүүдэд шалгалт хийж нийтдээ 70.2 тн “хулхи” бүтээгдэхүүнийг нь битүүмжилсэн байна.
Тодруулбал, МАК ХХК-ийн үйлдвэрлэсэн цементийн ууттай адил шуудайд савласан 50 кг жинтэй, үнс хольсон 900, БНХАУ-ын үйлдвэрүүдийн шошготой 400 уут цементийг хураан авчээ. Өдгөө тэдгээрээс дээж авч, мэргэжлийн хяналтын байгууллагынхнаар шинжлүүлэхээр өгсөн байна. Түүнчлэн “Монцемент”, МАК, “Тайга”, “Байкаль” болон хятад ханзаар бичсэн шошготой 14 000 уут эд мөрийн баримт болгон хураасан гэнэ. Тэдний нэлээдийг нь өмнөд хөршид дуурайлган хийлгэснээ хэргийн холбогдогч нар хүлээж буй сурагтай. Мөн “ДЦС-4” ХК-ийн зарим ажилтантай хуйвалдан 20 тн үнсийг нэг сая төгрөгөөр худалдан авсан нь ч тогтоогдож буй аж. Уг нь “ДЦС-4” ХК-ийнхан үнсээ тусгай хоолойгоор үнсэн сан руугаа шахдаг бөгөөд тухайн сан нь дүүрчихсэн байдаг. Тиймээс суллаж байгаад шинэ хаягдлаа нийлүүлдэг юм байна. Тухайн үнсэн сангаас л хүмүүс гаргасан байж болзошгүй гэдгийг тус станцын эх сурвалжууд хэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Мягмарсайхан, Ж.Даваацэцэг, С.Оюунзул болон тэдний хамсаатнууд 10 уут цементэд үнс хольж, 19 болгоод зардаг. Ингэхдээ МАК-ын тухайн бүтээгдэхүүний уутны наалтыг салгаж үнс холин, буцаагаад цавуугаар наадаг байсан нь батлагджээ. Ингэж гаргасан бүтээгдэхүүнээ нийслэл дэх барилгын материалын захууд болон барилга барьж буй аж ахуйн нэгжүүдэд нэгийг нь 10 000-12 000 төгрөгөөр борлуулдаг нь ч тогтоогдоод байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа
unuudur_sonin_tolgoi-1024x446 Үнс хольсон цементийн наймаачид “ДЦС-4”-өөс “түүхээ эд”-ээ авч байжээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn