Шатаж байсан гэрээс таван хүүхдийн амийг аварчээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шатаж байсан гэрээс долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр (2021.01.27) 19:14 цагт хүлээн авсан байна. Дуудлага авсан даруйдаа тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан аж.
Уг гал түймрээс 13 настай хүү, 9 настай охин, 5 настай охин, 2 настай охин, 7 сартай охин гээд нийт таван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв