Миний амьдралд хамгийн том нөлөөлсөн нэг ишлэл
Энийг уншаад сайн тунгааж үзвэл хорвоог харах өнцөг тань өөрчлөгдөж мэднэ. Би хэдэн жилийн өмнө нь яг бухимдчихсан бусдыг буруутгачихсан сууж байхдаа үүнийг сонсоод хэлэх үггүй болж байсан. Тэрнээс хойш бага багаар өөртөө сануулсаар ирсэн.
Зарим хүмүүс тань руу шууд довтолж байгаа мэт санагддаг. Тэдний бухимдал, уур хилэн зөвхөн тань руу дайралт хийж байгаа мэт санагдах үе элбэг. Гэвч тэр хүн үнэндээ өөрийн сэтгэлд байгаа өвдөлтийг тэвчиж чадахгүйдээ таниас аврал эрэн уйлж байгаа гэсэн үг. Ялангуяа ойр дотны хүмүүсийн харилцаанд энэ хамгийн үнэн.
Заримдаа бид өөрсдөө бусад руу уурлаж дайралт хийх үе ч бас бий. Энэ үед бид өөрсдөө бусдаас аврал эрэн уйлж байгаа гэсэн үг. Тиймээс нэг ёсондоо хоёр хүн хоорондоо хэрэлдэж маргалдах нь яг л хоёр жаахан хүүхэд бие биенээсээ аврал эрэн уйлж буйгаас ялгаагүй.
Энэ үед та том хүн нь байж нөгөө хүнээ хайрлаж чадах уу?
Энэ нь онолын хувьд ойлгогдсон ч яг цагаа тулахад бид өөрсдөө сэтгэл өвдөлтөө дийлэхгүй бол үүнийг хэрэгжүүлэх мэдээж хэцүү. Гэхдээ энэ нь бас хөгжүүлж болдог ур чадвар юм.
Магадгүй 10 удаа хүн тань руу дайрахад одоохондоо 1-2 удаад нь эргүүлээд дайрахын оронд хайрладаг байж болно. Үүнийгээ 3-4 хүргэнэ гэдэг маш том амжилт. Магадгүй яваандаа 10-аас 7-8 удаад нь өөрийгөө хамгаалж дайрахын оронд түүнийг хайрлахыг сонгож сурвал таны амьдрал, гэр бүл, найз нөхдийн харилцаанд ямар өөрчлөлт гарах бол.
Би хувьдаа бас л энэ тоогоо ихэсгэх гээд сүүлийн хэдэн жил хичээж л явна. Хүн л болсон хойно 100%-д бол хэзээ ч хүрэхгүй байх. Гэхдээ тэмүүлсээр байхад үр дүн нь хэмжээлшгүй.
Хүнд хайртай байх гэдэг магадгүй мэдрэмж байх. Гэхдээ хүнийг “хайрлах” гэдэг бол үйл үг ба үйлдэл юм.
Би өөрөө мундаг гэгээрсэндээ биш үнэхээр амьдралд эергээр нөлөөлсөн зүйлээ хуваалцвал магадгүй нэг ч болтугай Монгол хүний гэр бүл ба амьдралд нь хэрэг болох боловуу гэж бодлоо.
Сэтгэл сэргээх сайхан үг хуудаснаас